Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзлаа


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа Ерөнхийлөгч дахин нэр дэвшихгүй гэсэн зохицуулалтыг оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсноос гадна хууль зүйн маргаан үүсгэж байна гэж дүгнэсэн юм. Цэцийн уг дүгнэлтийг УИХ хүлээн авч, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулан өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвшихгүй байх заалтыг нэмсэн. Гэвч Ерөнхийлөгч УИХ-ын энэ шийдвэрт хориг тавьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь буюу 81.2 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна