Цэргийн алба хаагчийн хүнсний хангамжийн хоногийн нормыг шинэчлэн батлав


Засгийн газрын хуралдаанаар “Цэргийн алба хаагчийн хүнсний хангамжийн хоногийн норм”-ыг шинэчлэн баталлаа. Өнөөдөр мөрдөгдөж байгаа цэргийн албан хаагчдын хүнсний норм дахь давсны хэмжээ эрүүл мэндийн байгууллагын зөвлөсөн хэмжээнээс 5 дахин, сахар, нүүрс ус буюу гурилан бүтээгдэхүүн болон малын гаралтай өөх тосны хэмжээ хэт өндөр байна.

Түүнчлэн хүнсний ногооны хэмжээ хангалтгүй, ус, сүү, сүүн бүтээгдэхүүнийг огт тусгаагүй зэрэг нь хүний бие махбодид зайлшгүй хэрэгцээт эрдэс бодис, амин дэм, микро, макро элементүүдийг хоол хүнсээр дамжуулан авах боломж хязгаарлагдмал, цаашлаад цэргийн алба хаагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа юм.

Иймд цэргийн алба хаагчийн гүйцэтгэх үүрэг, сургалт, дадлагын ачаалал, үйл ажиллагааны онцлог, хоногт зарцуулж байгаа илчлэгээс хамаарч хүнсний норм дахь бүтээгдэхүүний тоо, хэмжээ, нэр төрлийг оновчтой тогтоох хэрэгцээ, шаардлага бий болсон.

Мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгаан дээр үндэслэн алба хаагчдын гүйцэтгэх үүргийн онцлог, бие махбодийн үйл ажиллагаа, илч зарцуулалтын онцлогт нийцүүлэн, мөн улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа бие бүрэлдэхүүний хүнсний хангамжийн нормыг үндсэн нормд, цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн хүнсний хангамжийн нормыг тусгай нормд тус тус нэмж 3 төрлийн нийт 13 нормтой байхаар шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар батлууллаа.

Ингэснээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвлөж байгаа илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисыг цэргийн алба хаагчид хоол хүнсээр дамжуулан зохистой хэмжээгээр авах нөхцөл бүрдэнэ гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна