Баян-Өлгийд бохир байранд иргэдийг тусгаарлаж, машиныг нь барьцаалжээ


"Тус аймгийн Онцгой комисс, шуурхай штаб иргэдийг тусгаарлах нэрээр сэтгэл санаа, санхүүгийн дарамт үзүүлж байна гэв"

Баян-Өлгий аймгийн Онцгой комисс, шуурхай штаб иргэдийг тусгаарлах нэрээр сэтгэл санаа, санхүүгийн дарамт үзүүлж байгаа талаар өнгөрсөн баасан гаригаас эхлэн хэд хэдэн иргэн удаа дараа манай сайтын редакцид хандан гомдол гаргасан.

Тухайлбал, энэ сарын 9-нд иргэн Ц нарын 5 хүн Баян-Өлгий аймгийн Алтай сумруу буяны ажлаар явсан ч 14 хоног маш бохир орчинд хүндхэн байдалтай тусгаарлагдсан байна.

Эдгээр иргэд вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан, Улаанбаатараас гарахдаа өгсөн шинжилгээний хариу нь сөрөг гарсан ч тусгаарлагдаж байх үедээ түргэвчилсэн оношилгоогоор хоёр хүнийх нь шилжилгээний хариу эерэг гарсан байна.

Тус аймгийн онцгой комиссийн тусгаарлалтын байрны өрөө тасалгааны ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлт туйлын хангалтгүй. Өрөөны булан тохой аалзны тор, цонх нь битүү шороо, хэрэнд дарагдсан, тоос тоосонцор ихтэй, ширээ сандал эд аж ахуй эвдэрч хэмхэрсэн, өрөөны гэрэлтүүлэг болон унтраалга нь масстай, ариун цэврийн өрөө бохир, ариутгалын бодис, халуун ус байхгүй, ер нь наад захын стандарт хангаагүй бохир орчинд иргэдийг тусгаарласан гэдгийг хэлж байгаа юм.

Иргэд халдвар хамгаалалын дэглэмээ барьж тусгаарлагдлаа ч энэ мэт өрөө тасалгаанаас ковидийн болон бусад халдварт өвчний халдвар авч болзошгүй эрсдэлд оруулж байгаад гомдолтой байгаа аж.

Бичлэг, зурагт харагдаж буй тусгаарлалтын байрны талаар санал гомдлоо тус аймгийн онцгой комисс, шуурхай штаб, мэргэжлийн хяналтын газар мэдэгдсэн боловч хариу арга хэмжээ аваагүй аж.

Энд тусгаарлагдаж байх хугацаанд хоёр хүн тухайн тусгаарлалтын байрнаас халдвар авсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаагаа ч хэлж байсан юм.

Учир нь эерэг гарсан хоёр хүний биеийн байдал хэвийн. Ковидийн ямар ч шинж тэмдэг байхгүй, цусны шинжилгээний хариу хэвийн, цээжны зураг нь голомтгүй байгаа аж.

Мөн удаа дараагийн шинжилгээгээр сөрөг гарсан гурван иргэнийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж өгөхийг хүссэн ч үргэлжүүлэн тусгаарлах байрандаа 7 хоногоор тусгаарласан байна.

Иргэд “Бид улаанбаатар хотод ажиллаж амьдардаг, жил гаруй хугацаанд хөл хорионд орж, ажил орлого зогссон байгаа энэ хүнд үед тусгаарлах байрны нэг хүний 7 хоногийн төлбөр болох 385000, үргэлжлүүлээд 7 хоног тусгаарлагдвал 770000 төгрөгийг төлж дийлэхгүй байгаагаа илэрхийлж тус аймгийн онцгой комиссийн даргад өргөдөл хүсэлтийг уламжлан хүргүүлж, шуурхай штабын холбогдох албан тушаалтануудад утсаар удаа дараа мэдэгдсэн боловч огт хүлээж аваагүй.

 Тус аймгийн Алтай сумын төвд төрсөн аавынхаа буяны ажилд оролцож ч чадаагүй, аймгийн тусгаарлах байранд 14 хоногийн хугацаанд сэтгэл санаа, цаг хугацаа, мөнгө санхүүгийн хүнд хэцүү байдалд байна. Тус аймгийн удирдлага болон холбогдох төрийн байгууллагуудын албан тушаалтнууд иргэдтэй харилцах харилцаа, хүнд суртал туйлын хүнд байдгийг бид биеэрээ мэдэрч байна.  Анхнаасаа санхүүгийн асуудлаа хэлж гуйсаар байхад машиныг маань барьцаалаад үлдэж байна. Энэ бүхэнд маш их гомдолтой байна” гэлээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.199
    2021/05/25

    Хүний эд хөрөнгө барьцаална гэжюу байсан юм бэ

    Хариулах
  • 139.5.218.138
    2021/05/23

    Ene hogiin ajilaa bolildoo

    Хариулах