Ш.Адьшаа: Баар, ресторануудын VIP өрөөнүүдэд камер байршуулж, бичлэгээ улс төрийн зорилгоор ашиглах байдал хэтэрсэн

Өчигдөр 12 цаг 48 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэж байна. Илттэлийг ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

 Өнөөдөр Монгол Улсад хүний эрхийг зөрчих асуудал түгээмэл болсон. Зөрчигдсөн хүний эрхийг сэргээх, хүний эрхийг зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тогтолцоо үнэхээр доод хэмжээнд байгаа.

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хууль санаачилж орж ирэхдээ Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд заасан орон сууцны халдашгүй байдал, хүний эрх эрх чөлөөг хамгаалах энэ заалтыг зөрчсөн асуудлыг оруулж ирсэн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг сар гаруйн өмнө өргөн мэдүүлсэн. Энэ хуулинд дүрс бичлэг байршуулж, хүний халдашгүй эрхийг хянах, орон сууцны барилга байгууламж барихдаа дүрч бичлэгийн аппарат байршуулах тухай асуудлыг Засгийн гзараас оруулж ирсэн.

 2012 оны үед үндэсний аюулгүй байдлын асуудалд терроризмтэй тэмцэнэ гэдэг нэрийдлээр төрийн албан хаагчдын албан тасалгаа, баар ресторан зоогийн газруудын вип өрөөнүүдэд камер байршуулж, бичлэгээ улс төрийн зорилгоор ашиглаж байсан олон баримтууд гарч, хууль шүүхийн байгууллагаар шийдүүлсэн. 

Гэм буруутай албан тушаалтан шийтгэл хүлээсэн нэг ч тохиолдол байхгүй байна. Энэ талаар Хүний эрхийн Үндэсний комисс ямар байр суурьтай байна вэ. Хэн нэгэн цагдаа, хүчний байгуулагынхан ямар ч зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийгээд, олон нийтийн сүлжээнд шууд байршуулдаг. Шүүгч, замын цагдаа нартай холбоотой гэх мэт асуудал олон гарсан. Орон сууцны халдашгүй байдлын талаар би асууж байна. 

  ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан

 Сүүлийн үед хувийн орон зайд халдах, хувийн орон зайтай холбоотой дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж байгаад ХЭҮК эмзэглэж байгаа. Учир нь хувь хүний нууцын асуудал байгаа, хувь хүний халдашгүй дархан байх эрхийн асуудлыг хөндөж гаргаж байгаа. 

Энэ асуудлаар ЦЕГ-ын холбогдох хүмүүстэй уулзсан. Мөн албан бичиг, зөвлөмж явуулсан. Албаны журмаар болон байгууллагын нууцад хамаарах дүрс бичлэг задрахгүй байх дээрч анхаарах, хяналт тавьж ажиллахыг зөвлөсөн байгаа.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.