Ерөнхийлөгч гадаадад гацсан иргэдийг татан авчрах ажлыг өргөтгөх үүрэг өглөө

2020 оны 07 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчрах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өгчээ.

Монгол Улс өнөөдрийг хүртэл 12853 иргэнээ 40 гаруй улсаас татан авсан ч цаана нь ирэх хүсэлтэй 10 орчим мянган иргэний нөхцөл байдал хүнд байгаа тул цаашид тусгай нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, илүү шуурхай ажиллахыг үүрэг болгосон байна. Ингэхдээ дараа, дараагийн тусгай нислэг үйлдэх хуваарь, боломж нөхцөл, эрүүл мэндийн салбарын хүчин чадал, тусгаарлах байр зэрэг холбогдох судалгааг нарийн гаргаж танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт үүрэг болгов.

Мөн өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан наймдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх иргэдээ татан авах эхний төлөвлөгөөг тасралтгүй хэрэгжүүлж, салбар, салбарын бэлэн байдлаа хангахыг сайд нарт даалгав.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Т.Бадрал, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын холбогдох хүмүүс оролцлоо гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.