МАН-ын нийслэлд ялах “хөзөр”

2020 оны 08 сарын 03

Хэдхэн хоногийн дараа шинэ парламент ээлжит бус чуулганаа хуралдуулах гэж байна. Ээлжит бус чуулганаар  төсөвт тодотгол хийх, Засгийн газрын төлөвлөгөөг батлах гээд хэд хэдэн асуудал хэлэлцэхээс зээлийн хүү бууруулах стратеги ихэд анхаарал татаж байгаа юм. Учир нь иргэн, айл өрх, аж ахуй нэгжүүдийн нуруунд хүнд ачаа, дарамт болсон зээлийн хүүг бууруулах нь МАН 2020 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн чухал хэсэг. 

Энэ амлалтандаа   хүрэхээр МАН яаравчилж байгаа нь  сайндаа ч биш. Тэд УИХ-д үнэмлэхүй олонх болсон  шигээ орон нутгийн сонгуульд ч үнэмлэхүй олонх болох  том зорилготой. Энэ зорилгоо хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь зээлийн хүү бууруулах стратегийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах. 

Өнөөдөр манай банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 16 хувь байгаа нь  Монгол Улсад банк санхүүгийн тогтолцоо  мөнгө хүүлэлтийг дэмжиж  ирсний баталгаа. УИХ-ын дарга Г.Занданшатар “Санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаагаа эрхлэх эрх зүйн шинэ орчин, салбарын реформ хийх нь бидний  хойшлуулшгүй зорилт. Ингэж байж бид банкуудынхаа унасан нэр хүндийг сэргээж, итгэлцлийг бэхжүүлнэ” гэж  мэдэгдсэн. 

Монголд томоохонд тооцогдох хэдхэн банк бий. Банкууд халамж тэтгэвэр,  цалин, тэтгэврийн зээлийн хүү, ипотекийн зээл зэргээс ашиг олж байгаа бол зарим нь уул уурхайн бизнест хувь эзэмшиж байна. Хэдхэн хүний эрх мэдэлд  шилжсэн, зарим  талаар улстөртэй хутгалдсан банкны салбарт реформ хийж чадах эсэх нь ч эргэлзээтэй. 


Нөгөө талаас банкныхан УИХ-аас банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, төрөөс банкуудаа бодлогоор дэмжих, Хөгжлийн банктай арилжааны банкуудыг хамтарч ажиллуулах,  томоохон төсөл, үйлдвэрлэлийг дэмжих хамтын зээлийн хэлбэрийг ашиглах, тухайн төслийг барьцаалж зээл олгох, Монголбанкнаас зээлийн хүүг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, чанаргүй активыг бууруулахад чиглэсэн багц хуулийн төслүүдийг ойрын үед батлан гаргах, Монголбанкны заавал байлгах нөөцийн хэмжээг буулгах зэрэг санал гаргаж шаардаж байгаа. 

Энэ мэт олон эрх ашгийн зөрчлөөс зээлийн хүү буурах эсэх нь шийдэгдэнэ. МАН орон нутгийн сонгуульд ялахын тулд ямартаа ч эхний ээлжинд тогтоол батлах нь тодорхой болж байна. Үнэмлэхүй олонх болсон МАН Засгийн газар, газар агентлагийн дарга нарынхаа томилгоон бялууг утгаар нь  хуваасан шигээ сонгуулийн дараа мартагдах шоу хийгээгүй л байгаасай. 


Т.Хэрлэн 
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.