НӨАТ-ын падаанаар 20 тэрбумыг луйвардсан хэрэгт татварынхныг шалгаж эхэллээ

2020 оны 09 сарын 11

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын падааныг хоосон бичиж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж байж болзошгүй тухай мэдээлэл өнгөрсөн хавар сурвалжлагч надад ирсэн юм. Үүний дагуу мэдээлэл цуглуулах явцад уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Энэ талаар цагдаа, прокурорын байгууллагын хэд хэдэн эх сурвалж баталлаа. Ийм байдлаар луйвар хийж болзошгүй байгаа талаар мэдээлэл авсны дараа татварын байгууллагынхнаас тодруулахад “НӨАТ-ын падаанд хий бичилт хийж, татварын нэгдсэн системд шивэх зөрчил нэлээд гардаг. Тэр болгоныг илрүүлэн буцааж, системээс устгаж байгаа” гэж байсан юм. Тэгвэл хууль сахиулах байгууллагынхан “Системээсээ устгадаг гэхээс өөр дорвитой арга хэмжээ авдаггүйгээс НӨАТ-ын хоосон падаан шивж, залилан мэхэлдэг хүмүүсийн үйлдлийг таслан зогсоож чадахгүй, харин ч улам өөгшүүлж байна” хэмээн шүүмжилж байв.

Тэгвэл дээр дурдсан аргаар луйвар хийж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэд хэдэн хэргийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж эхэлжээ. Тухайлбал, иргэн Алтанзул гэх эмэгтэй удирдаж, зохион байгуулалттайгаар ийм хэрэг үйлдэж байсныг илрүүлсэн гэнэ. Дээрх бүлгийнхэн хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэдийн нэрээр аж ахуйн нэгж байгуулж, үйл ажиллагаа огт явуулдаггүй уг хуурамч компанийнхаа нэрийг ашиглан НӨАТ-ын падаанд хий бичилт хийж байжээ. Өөрөөр хэлбэл, 2017 оноос хойш бараа, материал импортоор оруулж ирээгүй, ажил гүйцэтгээгүй атлаа 1000 гаруй аж ахуйн нэгжид 200 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр худал тайлан гаргаж, үүнээс үүдэн 20 гаруй тэрбум төгрөгийн татвар улсад төлөөгүй ноцтой хэрэг өдүүлсэн аж. Дээрх иргэд нь хууль бусаар олсон мөнгөөрөө өөрсдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, амралтын газар авч нийтдээ таван тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц, автомашин, “Алтан хөндий цогцолбор” нэртэй амралтын газар байгуулсан байжээ. Уг хэрэгт холбогдсон нэр бүхий иргэдийг цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд үүнд нь татварын улсын байцаагч нар хамтран оролцсон байж болзошгүй нь тогтоогдож буйг эх сурвалжууд мэдээллээ.

Энэ мэт улсад төлөх ёстой татвараас зайлсхийдэг, хуурамч баримт бүрдүүлдэг этгээдүүдийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгадаг ч эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй заалт харамсалтай нь өчүүхэн. Өөрөөр хэлбэл, 100 000 төгрөгийн гар утас хулгайлсан хүнд ногдуулдгаас ч бага ял оноодог нь харамсалтай. 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдсөн Эрүүгийн хуулийн 18.3 дахь хэсэгт “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Тэгэхээр татварын 20 тэрбум төгрөг хулгайлсан этгээдүүдэд 450 000-5 400 000 төгрөгөөр торгох ялаас өөр хариуцлага хүлээлгэдэггүй нь үнэхээр харамсалтай. Өөрөөр хэлбэл, хууль бүх хүнд эрх тэгш үйлчлэх зарчимд нийцэж байгаа юу гэдэг нь эргэлзээ төрүүлж буй юм.

Эх сурвалж: Өнөөдөр сонин, Г.Равжаа

Сэтгэгдэл (5)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 14
66.181.161.53
Зочин

Энэ чинь хулгайгаас гадна залилан биз дээ

2020 оны 09 сарын 14
66.181.180.216
Зочин

4 р хороололын Баянгол зах Орхон (хөх бүрд хуучин нэр) захуудын Талх Чихэрийн борлуулагч худалдагч баримтаа авяа гэж нэхвэл дуртай дургүй өгнө заримдаа машин болохгүй бна гэх нөт авна гэж бүх хүмүүс хэлдгүй нөтын баримт өгдгыг ч мэдэдгүй хэзээч өгдгүй \n\n

2020 оны 09 сарын 12
31.165.231.3
irgen

sain baina shalgaad bai luivarchin hulgaichuudiig...tegeed shorond ni

2020 оны 09 сарын 11
66.181.190.66
НӨАТ өг л дөө

НӨАТ-аас зугатагсад хааяагүй л байх юм. Лавайд хэд хэдэн хүн НӨАТ өгдөггүй, өгдөггүй шалтгааныг асуухаар манай эзэн /нэрийг нь ч хэлдэггүй/ дараа нь өгнө, юу ч гэсэн утас хаягааи өгчих гэдэг. Хэд хоногийн дараа авъяа гэхээр манай эзэн амралт ч юм уу, эмнэлэгт ч юм уу, гадаадад явсан гэдэг. За лав л цаас, угаалгын нунтаг зардаг хүүхэн бол амташсан хүн. Заль мэх гэж үзүүлээд өгнө. Та нар үйлчлүүлээд НӨАТ авахыг нь харъя.

2020 оны 09 сарын 11
117.111.24.64
Sda

Hen geed neriig ni taviachde hahuulia huleeged bnu