Ж.Эрдэнэбатад оногдуулсан 6 жилийн хорих ялыг бууруулах уу?

2020 оны 09 сарын 11

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 09.00 цагт товлогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны долдугаар сард Ж.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан билээ.

Түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.

Ерөнхий сайд асан  Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор баталсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй газарт нөхөн олговор олгохдоо бусдад давуу байдал олгосон  гэж буруутгасан. 

Тодруулбал, УИХ-ын 2011 оны тавдугаар сарын 5-ны 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд, Хантай, Бүтээлийн нуруунд байрлах ашигт малтмалын хайгуулын 43 мянга шахам, ашиглалтын 407.5 га талбай нь багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулсан нь Ж.Эрдэнэбатыг буруутгах гол үндэслэл болсон аж. 

Уг нь 2017 оны Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоолоор Ноён уул болон Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын бүсэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор болгож, өөр газруудад хайгуул хийх зөвшөөрөл олгохоор тусгах ёстой байжээ.

Харин Засгийн газрын тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д Өмнөговь аймгийн Хүрмэн, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус, Дорнод аймгийн Дашбалбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Ховд аймгийн Алтай сумд ашигт малтмал хайх найман тусгай зөвшөөрлийн солбицлыг баталсны улмаас “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Д.Түвшинжаргал, уг компанийн үүсгэн байгуулагч Б.Отгонбаатар нарт давуу байдал бий болгон албан тушаалаа урвуулсан хэрэгт буруутайд тооцсон юм. 

Мөн Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын бүсэд багтсан, Өмнөговь аймгийн Гурвантэс сумд байрлах “Улаан сайр-2” нэртэй талбайг дүү Ж.Эрдэнэтөгсийнхөө хамт үүсгэн байгуулсан “Хэрх илч” компаниар дамжуулан таван сая төгрөгөөр худалдан авч өөртөө болон төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн юм. 

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 13
192.82.69.100
Zochin

Huraah ch hurungu gyi hyn geseen

2020 оны 09 сарын 12
192.82.75.166
Зочин

Юун ял хасах харин одоо хөрөнгийг нь хураавал яг болох юм биш үү