Ү.Оюунзул: Аливаа зүйлийг хамгийн сайнаараа хийх нь миний  зарчим

2020 оны 09 сарын 14

“Долоон гарагийн тэмдэглэл”, “Шантралгүй урагшил”, “Зогсолтгүй тэмүүл” номуудын зохиогч, лектор, НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга  Үнэнбатын Оюунзулыг таних болсоор багагүй хугацаа өнгөрчээ.

Харин дотоод сэтгэл, мөн чанар, зорилго мөрөөдлийнх нь талаар ярилцаж байгаа маань анхных.  Хөдөлмөрч, авьяаслаг, үргэлж тэмүүлэгч гэх тодорхойлолт л зохих Ү.Оюунзултай  ярилцсан чин сэтгэлийн ярилцлагад  таныг хөтлөе. 

-Үргэлж завгүй, ямар  нэг юм эхлүүлчихсэн явж байдаг  зан чинь хэвээрээ шүү. Дарханд болсон  TED X-д илтгэл тавиад иржээ. Баяр хүргэе. 

-Баярлалаа. Есдүгээр сарын 12-нд Дархан хотод болсон  TED X DARKHAN-д илтгэл тавиад ирлээ. Энэ удаагийн TED X-ны ерөнхий cэдэв нь  Active now. Дэлхийд 35 сая, монголд 1 сая үзэгчтэй #ТЕD яриа хийхээр #speaker-ээр сонгогдсондоо  их баяртай байлаа.  

Хүн бүхэн од байх албагүй, бас хүн бүхэн баян байх албагүй. Гэхдээ хүн бүхэн өөдрөг хандлагатай, илүү сайхан амьдрах хүсэл тэмүүллээр дүүрэн байх ёстой.

Тиймээс speaker-ийн хувиар  TED X-ийн үзэгчиддээ урам зориг, эрч хүч өгч, өөдөө тэмүүлэх хүслийг нь асаахыг хичээж илтгэлээ бэлдсэн.  Нэгхэн үгнээс ч хүн уулыг өргөж, усыг гаталж чадах хүчийг авах тохиолдол байдаг гэдгийг ойлгуулахыг хүссэн. Зорилгоо биелүүлсэн  гэж итгэж байна. 

-НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Улстөрийн ажлын туршлагатай ч  эмэгтэйчүүдийн байгууллагын удирдах түвшинд ажиллах  бас л шинэ  туршлага болж байгаа болов уу? 

-2010 оноос эхлээд НАМЗХ-д зохицуулагчаар ажилд орж байсан.  Өөрөөр хэлбэл миний улстөрийн ажил зохицуулагчаас эхэлсэн.  Өнгөрсөн оны 7-р сард НАМЗХ-ны Их хурал болж УИХ-ын гишүүн Н.Учрал ерөнхийлөгчөөр сонгогдож, шинэ удирдах бүтэц бүрэлдэхүүнд нь би Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон орж ирсэн. Харин оны өмнөхөн буюу 11-р  сард МАН-ын дарга буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүх дарга намайг дуудаад “Чамайг НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоход дэмжиж байна.

Чи энэ ажлыг хийж чадна.  Д.Сарангэрэл ерөнхийлөгчдөө хүч нэмээд сайн ажиллаарай” гэж  итгэл хүлээлгэсэн.  Ингэж  МАН-ын дэргэдэх 25 жилийн түүхтэй “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. НАМЭХ бол намын дэргэдэх эмэгтэйчүүдин байгууллага.

МАН-ын 220 мянга гаруй гишүүдийн 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Эдгээр эмэгтэйчүүд бүгд манай холбооны гишүүд гэж явдаг.  НАМЭХ  21 аймаг, 9 дүүрэгт салбар холбоотой, бүх сум, хороодод салбар зөвлөлтэй. Эмэгтэйчүүдийн улс төрийн идэвхи оролцоог өндөр байлгах, жендерийн тэгш байдлыг хангах, түүнээс гадна эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, урам зоригтой байлгах, хоорондоо нөхөрлөж, нэг нэгнээсээ тусламж дэмжлэг авах боломжтой гэгээлэг байгууллага юм. 

Надад залуучуудын байгууллагад ажилласан туршлага бий. Харин одоо эмэгтэйчүүдийн байгууллагад ажиллаж, шинээр их зүйлд суралцаж байна. Гэхдээ 10 гаруй жил нийгэм, улс төрийн байгууллагад идэвхтэй байсных хаана ч, ямар ч байгууллагад ажилласан туршлага дутна гэсэн ойлголт байхгүй. 

Эмэгтэйчүүд нэг нэгнийгээ дэмжих ёстой гэдэг тунхагийн шинжтэй үг биш. Үнэхээр нэгнээ үгээрээ ч, үйлдэлээрээ ч дэмжиж чадвал улс төр, бизнес гэх мэт нийгмийн бүхий л салбар дахь оролцоо, манлайлал ийм бага байхгүй шүү дээ. 
Харамсалтай нь бид нэгнийгээ хангалттай дэмжихгүй байна. Эмэгтэйчүүд эрчүүд шиг баг болж ажиллаж чадвал, нийгмийн олон салбарт ажиллаж, шийдэхэд бэрх асуудлуудыг ч барьж авч үр дүнд хүргэх  боломжтой. 

“ЧАДДАГ ЮМТАЙ ХҮНД ДУРТАЙ” ГЭСЭН БАГШИЙНХАА ҮГИЙГ МАРТДАГГҮЙ 

-“Хорьж болдоггүй хорин нас” давалгаанд хүмүүс ихэвчлэн хөөрхөн, залуухан, туранхай зургаа нийтэлсэн байхад Ү.Оюунзул “Шилдэг оюутан” болж, Ерөнхий сайдаас тэтгэлэг гардан  гардаж авч  байсан агшнаа хуваалцсан байсан. Энэ дурсамжаасаа хуваалцаач? 

-Миний хамгийн ярих дуртай сэдвүүдийн нэг.  Ажил, амьдралын талбар дээр гараад энэ дурсамжаа  бараг сөхөөгүй юм байна. Чиний анзаарснаар энэ давалгаанд хүмүүс залуу, үзэсгэлэнтэй, эрч хүчтэй зургуудаа хуваалцсан хэрнээ  20 настайдаа юу хийж, магадгүй юун дээр алдаж,  онож явснаа бараг бичээгүй байсан.  20 настай залуучууд биднээс юу  олж мэдэхийг хүсэх вэ. 

Миний хувьд дунд ангиасаа илүү нийгмийн идэвхтэй хүүхэд болж төлөвшсөн. Сүрхий онц сурдаг байгаагүй ч, нийгмийн ухааны хичээлдээ сайн, илтгэх, мэтгэлцэх урлагаар хичээллэдэг байлаа. Илтгэх урлагт дурлаж,  өөрийгөө хөгжүүлсний  “шагнал” аравдугаар ангидаа тухайн үеийн Ерөнхий сайдын нэрэмжит уран илтгэлийн улсын тэмцээнд оролцсон.

Улаанбаатарт хөл тавьж үзээгүй охин  Орхон аймгаас  илтгэлээ шуудангаар илгээж байлаа. Тэр үед бидэнд ямар гар утас байх биш. Аавынхаа утсыг бичээд л явуулсан. Сарын дараа аавын утсанд дуудлага ирж миний илтгэлийг  “нэгдүгээр шатанд тэнцсэн” мэдээ дуулгалаа. Ингээд Улаанбаатар хотод ирж,  21 аймгийн 9 дүүргийн 70-80-аад сурагчидтай өрсөлдөж шилдэг 3-т үлдэж, “Шилдэг илтгэгч” болсон доо. 

Шинэ ангид шилжиж ороод удаагүй байсан үе л дээ. Ангийнхан маань Ү.Оюунзулыг ямар хүүхэд болохыг төдийлөн  мэдэхгүй. Үеийнхнээсээ нуруугаар өндөр учир арын ширээнд сууна. Хараа муутай  болохоор самбар дээрх хичээлээ сайн харахгүй. Ингэж яваад  химийн хичээлээсээ хоцорчихсон. Химийн багшийн хатууг ч хэлэх үү, хэзээ самбар дээр гаргах бол гэхээс яс хавтайна.

Тэмцээнд орсны дараа багш намайг дуудлаа.  Химийн хичээл л  бодогдоод. Бөөн айдастай хүн багшийн өрөөнд ортол “За, Оюунзулыгаа онц гарганаа, би чаддаг юмтай хүнд дуртай, тэгэхээр чи чаддаг юмтай учраас би чамд онц тавина” гэсэн.  Юутай ч зүйрлэшгүй том урам өгсөн багшийнхаа  энэ үгийг  мартдаггүй, амьдралд минь мотиваци өгсөн хамгийн хүчтэй үгсийн нэг.

Багшийгаа зорьж очоод заавал талархал илэрхийлнэ  гэж бодож байгаа. Тэр явдлаас хойш илтгэх урлаг, унших, бичих, сонсох чиглэлээр чадвараа хөгжүүлэхэд илүү анхаарсан. Тэрнийхээ хүчинд өнөөдөр нийгэм, олон нийт рүү хандсан ажил хийгээд, үр дүнг нь мэдрээд явж байна. 

-Илтгэх урлагаар багаасаа өөрийгөө хөгжүүлсэн Ү.Оюунзул  улстөр судлалаар дээд боловсрол эзэмшсэн. Энэ мэргэжил чиний ирээдүйн  сонголтыг тодорхойлоод өгчээ дээ? 

-МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр дүүргэсэн. Их л завгүй оюутан байлаа. Оюутны зөвлөлийн идэвхитэй гишүүн. Оюутны 4 жилд тасралтгүй цагийн ажил хийж  өөртөө, гэрийнхэндээ хөөрхөн  дэм болчихно. Ажил хийж, бага ч болов орлого олох хэрэгцээ, санхүүгийн асуудал бараг  бүх оюутанд  тулгардгийг мэдээд “Оюутны хөдөлмөр зуучлалын төв” –ийг МУИС дээр байгуулсан.

Тэр үедээ  600 гаруй оюутныг цагийн ажилд зуучилсан байдаг юм.  Парламентийн мэтгэлцээнээр улсын хэмжээний 4 тэмцээнд орохдоо  бүгдэд нь амжилт үзүүлж 1-4-р байр эзэлж байлаа. Ер нь сургуулиа төгсөөд ажиллах салбар маань бараг тодорхой байсан даа. 

“БУСДЫН  ТӨЛӨӨ АМЬДАРЧ ЭХЭЛСЭН ЦАГТ АМЬДРАЛ ИЛҮҮ УТГА УЧИРТАЙ БОЛДОГ”

-Оюутны ширээнээс гараад л намд ажиллаж эхэлсэн үү.  Туршлагаас гадна чамд юу өгсөн бэ? 

-“Залуу хүн байж нам дагаж гүйлээ”  гэж үеийнхэндээ шүүмжлүүлсэн үе бий. Нам бол төр, иргэн хоёрыг холбох гүүр. Тэгэхээр намын хороод, намын дэргэдэх байгууллага доторх хүмүүс зүтгэлтэй, сэтгэлтэй байх нь чухал. Хэдийгээр би ууган улстөрийн хүчинд ажиллаж байгаа ч сэтгэлгээгээрээ хайрцаглагдахыг  хүсдэггүй.

Үргэлж өөрийгөө хөгжүүлж, нийгмийн уур амьсгал ямар байгааг мэдрэхийг, олж мэдэхийг  эрэлхийлдэг. Оюутны ширээнээс гараад Залуучуудын байгууллагад 5 жил ажиллахдаа олон сургалт лекц, чуулган, уулзалтуудыг гардан зохион байгуулсан. Залуус тэндээс урам зориг аваад, мөрөөдөл зорилгоо тодорхойлоод гарах нь надад маш сайхан мэдрэмж төрүүлдэг. 

Дараа нь Улс төрийн боловсролын институтын захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсаа бүтэн тойрч 8000 гаруй нам болон төрийн удирдах ажилтанд сургалт хийсэн. Бусдад   тодорхой хэмжээгээр урам, итгэл  өгч явсандаа баярладаг. “Хүн бусдын төлөө амьдарч эхэлсэн цагт амьдрал илүү утга учиртай болдог” гэдэг  дээ.

-Нийгэмд нөлөөлөх амаргүй. Харин өөрөө үргэлж л нийгэмд эерэгээр, зөвөөр нөлөөлөхийн төлөө ажиллах юм. Энэ зорилгоо нийгэмд хүргэх нэг хөшүүрэг нь ном  бичих юм болов уу? 

-Хүүхэд насны мөрөөдөл, эзэмшихийг хүсч байсан мэргэжил бол сэтгүүлч. Энэ мөрөөдлөө биелүүлээгүй ч  28 насандаа анхны номоо бичиж, мөрөөдлөө  биелүүлэх боломж олдсон. “Чиний уншихийг хүсч байгаа ном байхгүй бол, чи өөрөө бич” гэсэн гайхалтай үгийг Нобелийн шагналт анхны өнгөт арьст эмэгтэй зохиолч Тони Моррисон хэлсэн байдаг. 

Ихэвчлэн өөр дээрээ болон тодорхой хэмжээнд нийгэмд танигдсан залуучуудын түүхийг намтарлаж бодит зүйлс дээр тулгуурлаж бичих  дуртай. Хүн болгон  супер од болох албагүй ч өөртөө таалагдаж сайхан амьдрах ёстой. Энэ сэдэл нь  миний ном байгаасай гэж хүссэн. “Долоон гарагийн тэмдэглэл”  бол миний анхны ном.

Хүүгээ төрүүлсний дараанаас миний амьдралд тохиолдсон үйл явдал, хүнд бэрх гэмээр цаг үеийг хүүгээ гэсэн эхийн хайраар давж гарсан маань энэ номыг бичих  сэдлийг өгсөн гэхүү дээ.   Дараагийн бичсэн ном бол “Бидний мөрөөдлөө биелүүлсэн түүх”  гэдэг ерөнхий нэртэй хоёр цуврал ном. Цуврал нэг нь “Шантралгүй урагшил”, цуврал хоёр нь “Зогсолтгүй тэмүүл” нэртэйгээр бичигдэж, уншигчдад хүргэсэн. 

НОМ УНШИХАА БОЛЬВОЛ БИ ЗОГСОХ БАЙХ 

-Дараагийн номоо бичиж байна уу.  Ямар сэдэвтэй байх бол гэдэг сонин байна? 

-Бичээд эхэлчихсэн.  Монгол Улсынхаа 21 аймгаар дөрвөн удаа  тойрохдоо эх орныхоо дурсгалт, үзэсгэлэнтэй газар, үлгэр домгийг гайхан биширсэн.  Монгол Улсын  газар нутгийн онцлог, аймаг бүсийн экологи, ан амьтан, байгаль, үлгэр домогтой холбоотой олон мэдээлэлтэй болж байна. Эхний 10 аймгаар аяласан тэмдэглэлээ бичээд сошиалд оруулсан.  Үлдсэн 11 аймгаа бичиж дуусгаад ном гаргах бодолтой  байна. Бусдад мэдлэг өгөх, газарчлах, эх орныхоо сайхныг бахдан бишрэх боломж олгох болов уу.  

-Ном бичдэг хүн ном шимтэн уншдаг байж таараа. Хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн номоо нэрлэ гэвэл?  

-Номгүйгээр амьдралаа төсөөлдөггүй. Номоос мэдлэг, мэдээлэл авахаас гадна урам зориг, эрч хүч авдаг. Бас ном уншихаар сэтгэл санаа тайвширч, нэг төрлийн бясалгал болдог гэхүү дээ.  Оюутан байхаасаа цагийн ажил хийж эхэлснээс хойш цалингийн дээж болгоноороо ном авдаг байлаа. Төрсөн өдрийн бэлгэндээ ном авна гээд найзууддаа захиалчихна.

Ингэж номоо арвижуулсаар бяцхан номын сан маань  500 гаруй номтой болсон.  70 хувийг нь  уншчихсан. Намтарчилсан, бодит байдлаас сэдэвлэсэн номонд илүү дуртай. Тэр тусмаа дэлхийн алдартай улс төрч, нийгмийн зүтгэлтэн эмэгтэйчүүд, дэлхийн хэмжээний бизнес босгосон хүмүүсийн  түүхийг шимтэн уншдаг. Монгол зохиолчдынхоо номыг ч бас уншина. Уншихаа больвол  би зогсох байх. 

-Хүмүүс “ямар ном унших вэ” гэж  нэгнээсээ их асуудаг. Чамд ч энэ асуулт ирдэг байх. Юу гэж зөвлөх вэ? 

-Тэр сонирхолтой холбоотой. Бестселлэрээс огт хоцорч болохгүй. Номоо үргэлж монгол, гадаад орчуулгаар сольж унших зүгээр санагддаг. Бас  гэртээ хүүхдэдээ  номын булан гаргаж өгч болно. Ном унших дадалтай хүүхэд зөв хүн болон  хүмүүжих болно. Ер нь их бага гэлтгүй ном уншдаг л байх хэрэгтэй. Огт ном уншдаггүй  бол туйлын харамсалтай л байна.  

НЭГ КГ БУДААНЫ ҮНЭ МЭДЭХГҮЙ НИЙГМЭЭС ХОЛ ХҮН БАЙЖ БОЛОХГҮЙ 

-Ү.Оюунзул ямар ч ажлыг сэтгэл гаргаж хийдэг нь мэдрэгддэг. Эсрэгээрээ сэтгэл сайтай хүнд хохирол ирэх нь элбэг. Энэ тал дээр таны бодол? 

 -Энэ бол  аав, ээжийн минь надад өгсөн хүмүүжил. Ямар ч үед бүх зүйлд сэтгэлээ зориулсаар л байх болов уу. Надад итгэж  даатгасан ажил, өөрөө санаачилсан ажлыг хамгийн сайнаараа хийх нь миний амьдралын зарчим. 100 жилийн түүхтэй намын гал тогоонд ажиллаж, залуу эмэгтэйчүүдийн  төлөөлөл болж яваа маань зарчимдаа үнэнч байж, нэг ч өдөр гараа хумхиж суугаагүйн минь  үр дүн болов уу.

Үнэндээ надад лифтээр өгсөх сонирхол байхгүй. Шууд л  “өөд нь татчих”   дарга, цэрэг хамаатан садан ч  байсангүй.  Өдөр хоног, цаг хором бүрийг үр дүнтэй өнгөрөөх нь миний хувьд их чухал. Хүрч ажилласан газар, хүн болгонд үр өгөөжтэй, эерэг хандлага, зөв үлгэрлэл үлдээхийг хичээдэг дээ.  

-Хүмүүс ихэвчлэн өөрийгөө чамлаж, өөртөө хатуу ханддаг.  Өөрийгөө үнэлэх тал дээр ямар вэ? 

-Сүүлийн үед  өөрийгөө үнэлж байх хэрэгтэй гэж бодох болсон. Энэ зун сүүлийн 10 жил амраагүйгээрээ урт амарлаа.  Гэр бүлдээ цаг гаргаж, өнгөрсөн амьдралаа эргэцүүлж бодлоо. Эмэгтэйчүүдийн манлайллын тухай хэд хэдэн ном уншсан. 

Тэгээд биднийг хойш татдаг зүйл бол зориггүй байдал, өөрийгөө дутуу үнэлэх  гэдгийг улам сайн ойлгосон.  Тэгэхээр цаашдаа одоогийнхоосоо илүү зоригтой, оролцоотой байхыг хичээнэ. Хэзээ ч өөрийгөө голохгүй. 

-Эмэгтэй хүн улстөрд явах амаргүй, бэрхшээл  их. Адаглаад  эмэгтэй хүнийх нь хувьд аар саар зүйлээр ч унагах гэж оролддог нь сэтгэл эмзэглүүлдэг? 

-Хамгийн түрүүнд эмэгтэйчүүд өөрсдөө нэг нэгнээ өмгөөлж хамгаалдаг байх хэрэгтэй. Эмэгтэйчүүд бидний жаргал, зовлон, туулдаг амьдрал адилхан. Цаашдаа энэ салбартаа ажиллах зориг, зорилго, төлөвлөгөө надад байгаа.

Гол нь улс орныг авч яваа эгэл жирийн хүмүүсийн амьдралыг ойлгохыг хичээдэг. Нэг кг будааны үнэ мэддэггүй нийгмээс хол хүн байж болохгүй. 

-Ингэхэд  хэр сайн ээж вэ? 

-Сүүлд  уншсан “Цойлогсод” гэдэг номонд Еврей ээжүүдийн хүүхдүүдээ зорилготой, тууштай хүн болгон өсгөн, 14,7 саяулахнаа мөртлөө дэлхий ертөнцийг байлдан дагуулж байгаа тухай өгүүлдэг. Хэдийгээр миний ар талыг ээж маань асуудалгүй хариуцдаг ч сайн ээж байхыг, хүүдээ зөвөөр үлгэрлэхийг хичээдэг. Өөрийгөө боломжийн сайн ээж гэж хэлнэ. Хэлж буй үг, хийж буй үйлдэлээ хүүхдээ бодож, түүнийхээ төлөө хийдэг гэж хэлэхэд болно.

-Цаашдын зорилгоо товчхон хуваалц гэвэл?

 -Цаг хугацаа хязгааргүй ч, залуу нас хязгаартай. Тиймээс цаг хугацааг  ашиглаж өөрийгөө хөгжүүлсээр байх болно. Ажлын онцлог маань үргэлж  өсч дэвшиж, нийгмээ мэдрэхийг шаарддаг. Сурсан, мэдэрсэн дээрээ тулгуурлан илүү олон хүнд хэрэгтэй үйлс хийхийг зорьж байна. Энэ л амьдралын утга учир шүү дээ. 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 

 

Ярилцсан сэтгүүлч С.Отгонсүрэн 


 

Сэтгэгдэл (4)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 15
66.181.186.37
irgen

mundag busgyi ymaa manaihan tamiin togooni ulgeree yrjil baidagiin

2020 оны 09 сарын 14
64.119.20.78
Wow

manai mongol huuhnuud arai l ineedtei hiimel humsug hiilgedeg uursduu teriigee goyo l gej haraad baidgiin bhdaa

2020 оны 09 сарын 14
210.12.123.225
od

debil gedeg ug yaaag taarna,

2020 оны 09 сарын 14
202.126.89.53
Буруу

Илтгэгч гээд өөрийгөө өргөмжилчихсөн иймэрхүү худлаа гаруудыг оюутны ширээнээс нь намууд түүдэгдээ. Эцэст хийж бүтээсэн юмгүй худлаа удирдагч царайлсан цаагуураа хэн нэгний цүнх баригч л байдаг. Гоё юм ярих биш гоё юм хий.