Сэтгэлзүйч Г.Хулан: "Болохгүй" гэх тусам хүүхэд сонсохоо больдог

2020 оны 09 сарын 15

Гүүд Нэйборс ОУТББ-ын сэтгэл судлаач Г.Хулантай бага насны хүүхэд хүмүүжлийн талаар ярилцлаа.


-Та бол хүүхэд хүмүүжлийн тал дээр илүү мэргэшиж ажиллаж байгаа сэтгэлзүйч шүү дээ. Тэгэхээр таны үйлчлүүлэгч эцэг, эхчүүдэд тулгамдаж буй дийлэнх асуудал юу байна вэ. Энэ тал дээр хэрхэн зөвлөгөө өгч ажилладаг вэ? 
Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн уур бухимдлаа удирдах тал дээр зөвөлгөө өгч ажиллаж байна. Энэ насныхан өмнөх үеүүдтэйгээ харьцуулахад илүү уур уцаартай болдог онцлогтой. Уур бухимдлаа хэрхэн илэрхийлэх, гаргах, удирдахаа мэддэггүй. Зарим хүүхдүүдийн хувьд дотроо хураасаар дотогшоо чиглэлийн зан характертай хүн болж төлөвшдөг. Харин зарим нь ямар нэгэн сөрөг байдлаар шууд илэрхийлдэг. Уур бухимдлаа илэрхийлэх хамгийн оновчтой арга нь үгээр илэрхийлэх байдаг. Хамгийн амархан уураа гаргах арга бол цаас урах, 7 ба 11-ийн амьсгалын дасгал хийх. 


-          Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь орчин үед их чухал чадваруудын нэг болж байна. Энэ чадварыг хүүхдүүдэд хэрхэн суралцуулах вэ.  Юуг чухалчлах хэрэгтэй вэ?
-           Монгол улсад хүүхдийн хөгжих, төлөвших явцад төдийлөн сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг заадаггүй. Тиймээс эцэг, эхчүүд хамгийн тодорхой үлгэр дуурайлал байх хэрэгтэй. Ээж, аавууд хэрхэн сэтгэл хөдлөлөө илэрхийлж буйгаар хүүхэд дагаж төлөвшдөг. Тэгэхээр хамгийн эхний алхам бол эцэг эхчүүд өөрсдөө суралцах хэрэгтэй.  Ер нь ямар ч буруу сэтгэл хөдлөл гэж байхгүй. Бидэнд зөвхөн дохио л өгдөг. Сэтгэл хөдлөлийн оюун ухааныг хөгжүүлснээр хүн өөртөө сонголт бий болгодог. Уурандаа хүн цохих уу, үгээр илэрхийлэх үү эсвэл өөр ямар нэгэн аргаар уур бухимдлаа илэрхийлэх үү. Тиймээс сэтгэл хөдлөлийн бүх дохиог бид хүлээн авахдаа буцааж илэрхийлэхдээ л сөрөг болчихоод байдаг талтай.  


-          Хийнэ гэсэн зүйлээ хийж, авна гэсэн зүйлээ авч байж санаа нь амарч, уйлахаа зогсоодог 3-4 насны хүүхдүүд их байдаг. Энэ тал дээр эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?
-          Урьдчилан сэргийлэх нь зүйтэй байдаг. Хүүхдүүд сэтгэл хөдлөлөө насанд хүрсэн хүмүүс шиг удирдаж чаддагүй. Яг тийм төрлийн хүүхдүүдэд уйлахаас нь өмнө сонголт хийх эрхийг өгч урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Болохгүй гэдэг үг их байх тусам хүүхэд сонсохоо больдог. Хүүхдийн өөрийн гэсэн үзэл бодлыг харгалзан үзэхгүйгээр “Чи ингэх хэрэгтэй” гэсэн шахалтанд оруулснаар хүүхдэд хувь хүн гэдгээ мэдрэх хэрэгцээг хааж байдаг. “Чи чихэр идэж болохгүй” гэж хэлж хүүхдээ уйлуулахын оронд  “Чи чихрээ хоолны дараа идэх үү, өглөө срээд идэх үү, одоо бол идэж болохгүй” гэх мэт өөрийн санаагаа оруулж сонгох эрхийг хүүхдэд өгөх хэрэгтэй. Хэрвээ эцэг эхчүүдэд чухал биш бол тухайн өдрөө  ямар хувцас өмсмөөр байгааг хүүхэд өөрөө шийдэх боломжыг нь олгох хэргэтэй.  Улаан цамц уу, цэнхэр цамц уу.  Хүүхэд аль нэгийг л сонгоно. Ингээд ээж аавууд цамцыг нь ч өмсүүлчихнэ, хүүхдийн зүгээс өөрөө шийдвэр гаргасан учраас хувь хүн гэдгээ мэдрэн сэтгэл хангалуун байх болно. Хүүхдээ өөрийн өмч бус, хувь хүн гэдгийг олж харах хэрэгтэй.


-          Ер нь цэцэрлэгийн насны хүүхдийн хүмүүжилд анхаарах ямар зөвөлгөө өгөх вэ?
-          Хүүхдэдээ чанартай цаг гаргаарай. Энэ нь тухайн хүүхдэд зориулсан 20-30 минутын  цаг байна гэсэн үг. Хүүхэд юуг хиймээр байна, тэр зүйлийг нь хамт хий. Түүнд буруу зөв, хүмүүжлийн зүйл огт байхгүй. Зүгээр л хүүхдийнхээ аясаар байгаарай. Ингэснээр хүүхэд ээж, аавынхаа хайр халамжыг мэдэрдэг.  Хангагдаагүй энэ мэдрэмжийг авахын тулд хүүхэд дахин дахин улам их ээж аавынхаа араас зууралддаг. Алимны мод тарьдаг айлын хүүхдүүд огт алим иддэгггүй бол, алимны модгүй айлын хүүхэд өдөржин алим иддэгтэй адил. Өөрөөр хэлбэл ээж аавууд маань хэрвээ өдөр бүр тогтмол цагаар анхаарал халамжаа тавьж чадвал энгэрээс зуурах нь багасаад ирдэг. Хүүхэдтэйгээ тоглохдоо ээж аавууд заагаад байдаг. Чөлөөтэй тоглох боломжыг нь өгөхгүйгээр зааварчилгаа өгдөг. Хүүхдэд тийм зйүл хэрэггүй зөвхөн хамт тоглох ээж аав нь л хэрэгтэй байдаг. Буруу, зөв хамаагүй хамт хөгжилтэй байх нь л чухал. Тэр үедээ хүүхэд өөрөө бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлдэг. 


-Цэцэрлэг, сургуульд шинээр элсэж буй хүүхдүүд дургүйцэж уйлах нь олонтаа тохиолддог. Энэ нь сэтгэлзүйн тогтворгүй байдал, орчиндоо дасахгүй байгаагаа гийн нэг илэрхийлэл байх. Гэхдээ бүр олон хоногоор уйлаад байвал яаж засах вэ?
- Энэ бол ямар нэгэн асуудал биш. Уйлах нь хэвийн үзэгдэл шүү дээ. Харин цэцэрлэг дээрээ хүүхдүүдтэй тоглохгүй, тэгсэн хэрнээ ээж, аавыгаа дагаж уйлахгүй байгаа нь хэвийн бус байгаа шинж юм. Энэ үед эцэг, эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа нь хүүхдээ цэцэрлэгт нь оруулж өгчхөөд баяртай гэж хэлэлгүй, гэнэтхэн явчихдаг. Энэ үед хүүхдэд хамгийн хайртай хүмүүс нь хаяад явчихлаа, танихгүй, аймар газар дандаа байх нь гэсэн айдас төрж, хүнд цохилт болдог. Тиймээс хүүхдэдээ баяртай гэж заавал хэлэх хэрэгтэй. Мөн ээж нь ажлаа тараад ирнэ, удахгүй ирж авна зэрэг тодорхойгүй цаг хэлдэг. Иймд  чамайг цэцэрлэг дээрээ очоод тоглоод, унтаад, хоолоо идээд, шинэ зүйл сураад байж байх үед нь ээж нь ажлаасаа тараад ирж авна гэж, хийж буй үйлдлээр нь ойлгуулах хэрэгтэй. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ ажил дээрээ авчраад чамайг сургуульдаа, цэцэрлэгтээ явчихсан үед ээж нь энд ажлаа хийдэг гэж бодит зүйл харуулах хэрэгтэй. Учир нь хүүхэд яг ямар ажил хийгээд байгааг төсөөлж чадахгүй шүү дээ.


-Хүүхдийн насны онцлогоос хамаарч харилцааны хэлбэр өөрчлөгддөг үү. Жишээлбэл сургуулийн насны хүүхдийг магтах нь цэцэрлэгийн насны хүүхэдтэй харьцахаас ялгаатай гэж бодож байна. Хүүхдийг насны онцлогтой нь уялдуулж магтаж бас зэмлэх талаар зөвлөгөө өгч болох уу. Хүүхдээ буруу магтах нь ямар үр дүнд хүргэх вэ?
- Хоёр настай хүүхэд ширээгээ арчихад та магтах юм бол хэвийн зүйл. Харин 13 настай хүүхдийг ширээгээ арчихад  талархахад хангалттай. Хүүхдийн хийж чаддаг зүйлээс хамаараад магтах, магтахгүй үе гэж байдаг. Хүүхдээ магтахдаа үр дүнг чухалчилж эхэлнэ. Жишээлбэл сурч мэдэх гол нь биш онц дүн авах нь чухал болно.  Хүүхэд үргэлж магтуулах гэж хичээдэг болно. Өөрөө хэлбэл өөр хүмүүс түүний үйлдэлд яаж хандахыг нэгт тавьж өөрийнхөө үйлдлийг өөрөө үнэлэхээ больдог. Цаашдаа бусдын нөлөөнд амархан автдаг болно гэсэн үг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур болно. Эцэг эхийн магтаал урамшууллын үг хүүхдэд нөлөө үзүүлэхээ больдог.

Ярилцсанд баярлалаа. 

Т.Номин 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.