Ж.Азжаргал: Гэмтэлд гараа хугалаад ирэхэд гадны нөлөөтэй эсэхийг нягтлах үүргээ биелүүлээгүй

2020 оны 09 сарын 22

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл хийж байна.

ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал "Есөн настай охин золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг гарлаа. Тухайн хүүхэд өмнө нь хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдсон.

Есөн настай охин золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг гарлаа.

Охин 2019 оны арваннэгдүгээр сард тухайн охин алга болсон талаар дуудлага хүүхдийн тусламжийн  108 утсанд ирж байсан байна. Ингээд хоёр цагийн дараа эцэг эхээс нь дахин мэдээлэл ирж "Хүүхэд маань хөдөө байгаа эмээтэйгээ утсаар ярихаар гарсан байсан байна" гээд мэдээллийг хаалгаж байж.   

Мөн г020 оны зургадугаар сард ГССҮТ-д  гараа хугалсан байдалтай ирж эмчлүүлж  байжээ.  Тухайн үед ээж нь "Тоглоомын талбай дээр тоглож байгаад гэмтээсэн" гэж хэлсэн байна.  

БЗД-ийн ГБХЗХ-ийн хэлтэс дээр талийгаач хүүхэд хүчирхийлэлд өртөж байсан талаар мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд одоо холбогдох бүх байгууллага, мэргэжилтнүүдээс мэдээлэл цуглуулах ажил хийгдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр янз бүрийн мэдээлэл гарч байгаа. Тэр болгонд тайлбар өгөх боломжгүй.

Иргэний нийгмийн төлөөлөл Ч.Ганжавхлангийн зүгээс талийгаач охины тархины саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байсан гэдэг  зүйл бичсэн нь ташаа мэдээлэл байна. Хорооны нийгмийн ажилтнаас авсан мэдээллээр 12 настай эгч нь хөгжлийн бэрхшээлтэй, 2 настай эрэгтэй дүү, жирэмсэн ээж, хойд эцгийн хамт амьдардаг өрх байсан.  

Хуулийн дагуу бол хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа эсэхэд иргэн бүр анхаарал хандуулж, хүчирхийлэлд өртөж байгаа шинж тэмдэг ажиглагдвал хорооны нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагад заавал мэдээлэх үүрэгтэй. Ингээд хүчирхийлэлд өртөж байгаа нь тогтоогдож, хүчирхийлэгч нь нэг гэрт байгаа тохиолдолд 7 хүртэлх насны хүүхдийг шууд гэр бүлээс нь тусгаарладаг, 7-оос дээш насны хүүхдийн саналыг сонсож тусгаарлах эсэхийг шийдвэрлэдэг.

Хэрэв талийгаач охины хувьд удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдвол нийгмийн ажилтанд хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай"  гэлээ. 

ГБХЗХГ-ын эрсдлийн програмд бүртгэлтэй 21,400 гаруй хүүхэд байгаа аж. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдүүдийг эрсдлийн программд бүртгэдэг бөгөөд 108 утас болон холбогдох байгууллагуудаар дамжиж ирсэн мэдээллийг үндэслэн хүүхдүүдийг бүртгэдэг  гэнэ. Энэ он гарсаар 9126 хүүхдэд хүүхэд хамгааллын хувийн хэрэг нээсэн. Эдгээр хүүхдүүдийн эрх ямар нэг байдлаар зөрчигдсөнөөс   7600 хүүхдийн асуудал дээр  ажиллаж хэргийг шийдвэрлэж хаажээ. 

Улсын хэмжээнд 54 хүүхдийн улсын байцаагч ажиллаж байна. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.