Долоо хоногийн тойм: “Топ 20”-ийн түүхэн оргил


Өнгөрсөн долоо хоногт хөрөнгийн зах зээл огцом өсөлт харуулсан идэвхтэй өдрүүд өнгөрлөө. Топ 20 индекс 41 мянга хүрч энэ оны дөрөвдүгээр сард хүрсэн амжилтаа ахин эвдлээ. 

Өнгөрсөн долоо хоногт болсон гол онцлох үйл явдал нь Ард Санхүүгийн Нэгдлийн томоохон хэлэлцээр байлаа. Тус компани томоохон хувьцаа эзэмшигчээсээ хувьцаагаа буцаан худалдан авах хэлэлцээр амжилттай болж нэгж хувьцааг 9600 төгрөгөөр нийт 4.8 тэрбум төгрөгөөр худалдан авсан юм. Тухайн үед Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа нь 7180 төгрөг байсан бөгөөд хэлэлцээр амжилттай болсныг мэдэгдсэнээс хойш огцом өсөлт харуулж 10990 төгрөгийн ханшаар хаагдсан юм.  Энэ үйл явдал нь мөн Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай Ард Кредит, Ард Даатгал, Монгол Шуудан зэрэг компанийн хувьцааны ханшинд нөлөөлж давхар өсөлт үзүүлсэн нь Топ-20 индекс өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл болсон юм. 

Мөн өнгөрсөн долоо хоногийн Топ-20 индекс дэх онцлууштай өсөлтөөр Улсын их дэлгүүр, Сүү ХК-ийн хувьцааны өсөлтийг нэрлэж байна. Сүү компанийн хувьд өнгөрсөн долоо хоногт 13 хувийн өсөлт харуулснаар зах зээлийн нийт үнэлгээ нь 101.2 тэрбум төгрөг хүрч 100 тэрбум төгрөгөөс дээш үнэлгээтэй 11 дэх аж ахуйн нэгж болж байна. 

Монголын хөрөнгийн зах зээлийн өнгө энэ долоо хоногт ч дахин ногоорох хүлээлт өндөр байна. Ард Санхүүгийн Нэгдэлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ тус компанийн хувьцааг хэтэрхий доогуур үнэлэгдэж байгаа талаар тайлбарласан нь өсөлтийг улам эрчимжүүлэх магадлалтай юм. Нэг үгээр хэлбэл, өсөлтөөс өгөөж хүртэх боломж байсаар байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна