Багш нарыг орон сууцанд хамруулах нэрээр залилан хийж байна уу?

2020 оны 10 сарын 22

Багш нарыг ямар ч хүүгүй орон сууцтай болгоно гэх мэдээлэл тархснаас хойш олон мянган багш 500 мянгаас 1 сая  төгрөг тушаагаад байна. Тодруулбал  “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК, Монголын багш нарын “Шинэ зуун” зөвлөлдөх зөвлөл ТББ хамтран “Хувьцаат орон сууц хөтөлбөр”-ийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн байна.  Уг хөтөлбөр нь багш нарыг орон сууцжуулах, нийгмийн амьжиргааг нь дээшлүүлэх зорилготой гэх бөгөөд 5000 багшийг орон сууцжуулах хөтөлбөрт  хамруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Өнгөрөгч 9 сарын 20-ны байдлаар  1000 гаруй багштай гэрээ байгуулсан  бөгөөд өнөөдөр энэ тоо нэмэгдсэн нь  ойлгомжтой.

Энэ хөтөлбөрийн нөхцөл нь эхлээд сонсоход   багш нарыг дэмжсэн, нийгмийн амьжиргааг дээшлүүлж байгаа мэт таатай. Гэвч үүний цаана мөнгө угаах, залилах  гэмт хэргийн шинж нуугдаж байж болзошгүйг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. 

“Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК-тай “Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ”байгуулан, урьдчилгаа 500.000 төгрөг тушаажээ.  Багш нар үүнийг байр захиалгын урьдчилгаа гэж ойлгосон   боловч үнэн хэрэгтээ үл хөдлөх хөрөнгөнд суурилсан үнэт цаас,  хувьцааны хөрөнгө оруулалт буюу “Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК”-нд хийж буй хөрөнгө оруулалт юм.  

Анхны хөрөнгө оруулалт 500 мянгаас эхэлж, гэрээ байгуулсны дараа 1 сая төгрөг төлөх шаардлага тавьж байна. Улмаар байрандаа орох хүртэл сар бүр 500 мянган төгрөг  төлөх ёстой.

Үүнийг багш нарт ойлгуулахдаа орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээний 1.2-т “Компани, өөрийн орон сууц Захиалагч хувьцаа эзэмшигч иргэний орон байрны хангамжийн асуудлыг худалдан авалт хийхэд гаргадаг зардал бус, тогтмол мөнгөн урсгал, үл хөдлөх хөрөнгөд суурилсан үнэт цаас хувьцааны хөрөнгө оруулалтад хувирган ашиг орлого олдог хэрэгсэл болгох замаар эдийн засгийн таатай нөхцөлөөр шийдвэрлэх, хамтын хариуцлагаар амьжиргааны түвшингээ дээшлүүлэх, амьдран байгаа орчныг оролцогч бүрт үр шимээ өгөх хөгжлийн орон зай болгон зохион байгуулах” гэж тусгажээ. Өнгөн талдаа  өөрсдийнх нь төлөө мэт харагдуулж байгаа ч ,  хүний толгой эргэм урт үг, өгүүлбэртэй энэ заалт хуульд нийцэж байгаа юу гэдэг нь бас л эргэлзээтэй.

Магадгүй байртай болохыг хүссэн багш нар энэ заалтыг төдийлөн сайн ойлгоогүй, ойшоогоогүй ч байж мэднэ. Энэ асуудлаар  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэдийн мэдээллийн дагуу ШӨХТГ, Цагдаагийн ерөнхий газарт санал хүргүүлж хамтарсан  хяналт шалгалтыг эхлүүлжээ.

Иргэд хуулийн мэдлэггүйгээс болж энэ мэт хохирч байгаа явдлууд ихээр гарч байгаа тул та бүхэн орон сууц, барилга захиалгын гэрээ хийхдээ гэрээний заалт бүрийг тодруулж, хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж , эрсдэлээс өөрсдийгөө урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.