"Монгол бахархал"-ын өдөр өнөөдөр тохиож байна

2020 оны 11 сарын 16

Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, "Монгол бахархал"-ын өдөр өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархал"-ын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болжээ.

Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн 

ШУА-аас Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн хэмээн тогтоосон байна.

2012 оноос жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ийг бүх нийтээр тэмдэглэх баяр хэмээн зарлаж тэмдэглэн өнгөрүүлж буй бөгөөд энэ өдөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог билээ.

Мөн улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. 

Энэ жилийн хувьд бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан Их Эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан бүх үйл ажиллагааг цуцалсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлээд байна. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.