Ц.Ганзориг: Батлагдсан болон дам хавьтлуудын шинжилгээний хариу гарах хүртэл орон нутаг руу гаргахгүй

2020 оны 11 сарын 16

УОК-ын даргын шуурхай хуралдаан болж, өндөрлөлөө. Хуралдаанаар долоон асуудал хэлэлцсэн бөгөөд энэ талаарх мэдээллийг өгч байна.

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Өнөөдрийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ. Тухайлбал, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ шат шатандаа хэрхэн хэрэгжиж байгааг хэлэлцсэн. Өнөөдөр 18:00 цагт Шадар сайд шат шатны Онцгой комиссийн дарга нартай цахимаар хуралдаж, гарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх юм. 

Мөн батлагдсан тохиолдлуудын нэгдүгээр болон дам хавьтлын шинжилгээ бүрэн хийгдэж дуустал ямар ч хөдөлгөөн хийгдэхгүй. 21 аймаг болон нийслэл хотод орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан" гэлээ.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Эмзэг бүлгийн иргэд, их дээд сургуулийн дотуур байрны оюутнуудын хүнсний хангамж, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд хэрхэн ажиллаж байгаад хяналт шалгалтыг эрчимжүүлж байна. Улсын хэмжээнд нийт 41 байранд 1911 иргэн тусгаарлагдаж байна.

Улаанбаатар хотод 17 байранд 1507 иргэн, орон нутагт 7 байршилд 404 иргэн тус тус тусгаарлагдаж байна. Энхсаран сувилал нисэх буудлаас хамгийн ойр, байгалийн таатай орчинд байдаг, үйлчилгээ сайн гэдэг утгаар нь гуравдугаар сараас эхлэн тусгаарлах байраар сонгосон.

Харин хоёр сарын өмнөөс үйлчилгээ, ариутгал муу байгаа талаар гомдол ирсэн тул шалгаж, улмаар арваннэгдүгээр сарын 10-ны өдөр тусгаарлах байраар ашиглах боломжгүй дүгнэлт гаргасан. Өнөөдрийн байдлаар тус сувилалд тусгаарлагдаж байсан 81, тухайн газар ажиллаж байсан 17 ажилтныг өөр газруудад шилжүүлсэн. Эдгээр иргэний тусгаарлалтын хугацаа дууссан боловч, халдвар Энхсаран сувиллаас гарсан байх магадлалтай гэж үзэн дахин тусгаарлахаар боллоо.

Хэнтий аймагт сэжигтэй хоёр тохиолдлын түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан боловч энэ ПСР шинжилгээгээр нотлогдоно. Зарим тохиолдолд томуу томуу төст өвчинтэй холбоотойгоор хариу өөр гарах тохиолдол бий" гэв. 

Шуурхай хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ

  1. Дархан-Уул аймагт 4500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 7 эерэг шинжилгээ гарсныг ПСР болон сорьцын шинжилгээ давтан хийхэд хариу сөрөг гарч халдвар илрээгүй.
  2. Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан бөгөөд ПСР-аар нягталж байна.
  3. Хөдөө орон нутгаас иргэдийг гаргах шийдвэр гараагүй.
  4. УИХ-ын гишүүд, УОК-ын бус гишүүд цар тахлын хариу арга хэмжээний талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээллэхгүй байхыг шат шатанд нь анхааруулав.
  5. Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Энхсаран сувилалд эрүү үүсгэж шалгах ажлын хэрэгжилт явцтай танилцлаа.
  6. Хуурамч, албаны бус баталгаагүй мэдээлэл түгээж буй зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлга тооцох асуудлыг эрчимжүүлэх талаар ярилцжээ.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.