ДЭМБ-ын төв байранд COVID-19 халдварын голомт илэрчээ

2020 оны 11 сарын 17

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Женев хот дахь төв байранд коронавирусийн халдварын жижиг голомт илрээд эх үүсвэрийг нь шалгаж байгаа тухай Даваа гарагт тус байгууллагын төлөөлөгчид мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт нийт таван ажилтнаас коронавирусийн халдвар илэрснийг ДЭМБ-ын Covid-19 хариуцсан захирал Мария Ван Керхове мэдэгдсэн байна. “Халдвар авсан хүмүүсийн бүгдийнх нь биеийн байдал сайн, зарим нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн, заримаас нь шинж тэмдэг илрэхгүй байна” гэж тэр хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

ДЭМБ-ын төв байр байрладаг Швейцарийн Женев хот болон түүнийг хүрээлсэн Вауд муж нь өнөөдрийн байдлаар коронавирусийн тархалт хамгийн өндөр дэлхийн бүс нутгуудын нэгт тооцогдож байгаа.

Тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус халдвар авсан хүний хавьтал болсныхоо дараа тусгаарлагдаад өчигдөр ажилдаа эргэж орсон байна.

“Миний бие сайн, ямар ч шинж тэмдэг илрэхгүй байгаа. Журмын дагуу 17 хоног тусгаарлагдаад гарч ирлээ” гэж тэр өчигдөр виртуал хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш Женев дахь ДЭМБ-ын төв байранд ажилладаг нийт 65 хүн коронавирусийн халдвар авсан юм байна.

 

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.