Зөв бренд2023 оны 12 сарын 09-ны өдрийн 21:03
Далай ламын сайн найз, хүүхнүүд төдийгүй эрчүүдийн шүтээн
Холливудын алдарт жүжигчин Ричард Гирийг та бүхэндээ танилцуулья. Тэрбээр жүжигчний карьер “хөөх” болсноосоо хойш үе, үе амардаг зуршилтай байсан. Энэ заншлаараа 2017 оноос хойш нэг ч бүтээлд тоглоогүй байснаа 2023 онд гурван ч кинонд /"Maybe I Do"-гийн Ховард, "Longing"-ийн Даниэль, Oh, "Canada"-гийн Леонард Файфын дүрийг бүтээсэн/ тоглож, уран бүтээлдээ эргэн ирээд байгаа юм.
Гэхдээ тэрбээр кино урлагаар хязгаарлагдахгүй дэндүү баялаг амьдралтай нэгэн. Далай ламын сайн найз, Төвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч тэрээр жүжигчин болохоосоо өмнө маш олон салбарт оролдлого хийж байсан элдэвтэй нэгэн. Түүний амьдралын олонд төдийлөн түгээгүй хэсэгтэй танилцья.
ЦӨС ИХТҮҮДИЙН УДАМ, ТӨРТЭЙ ТЭРСЭЛДЭЖ, "ОСКАР"-Т ӨРСӨЛДӨХ ЭРХЭЭ ХАСУУЛАГЧ
Голланд, Ирланд, Англи гээд олон цус холилдсон удамтай түүнийг Европчууд “өөрийн хүн” гэж тооцдог бол америкчууд “Манай Жиголо” хэмээн дотносдог аж. Энэ бол 1980 онд бүтээгдсэн, Ричардыг “од” статустай болгосон киноных нь нэр л дээ. Олон хүүхэдтэй фермерийн гэр бүлд мэндэлсэн тэрбээр Хойд Сиракьюзын дунд сургуулийг төгсөөд Амсхерт дэх Массачусетсийн Их сургуулийн Гүн ухааны факультетэд тэтгэлэгтэйгээр суралцах эрхтэй болсон байна.
Тухайн үед ирээдүйн алдартан маань онц сурлагатан, гимнастикаар муухан тамирчнаас илүү амжилт үзүүлчих чадвартай, хөгжим тоглож бас зохиодог, товчхоноор хэлбэл Форрест Гамп маягийн нөхөр байжээ.
Гэхдээ Форрестоос ялгаатай нь улс төрийг ихээхэн сонирхдог байж. Тэрбээр зуны амралтаараа Катмандуд очиж, тэр зунаа Вьетнамын дайныг эсэргүүцсэн жагсаалд оролцсон гэдэг. 1993 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр Түвдийн талаар баримталж буй БНХАУ-ын бодлогыг шүүмжилсэн үг хэлсэн тул энэ шагналд өрсөлдөх эрхийг нь хассан. “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг жүжигчнээр шалгарч үзсэн тэрээр хэрвээ “Оскар”-т оролцдог байсан бол энэ шагналыг хүртэж чадах ч байсан байж магад.
РОК ХӨГЖМИЙГ АМЬДРАЛЫНХАА ГОЛ ЗОРИЛГО БОЛГОЖ БАЙВ
Ричардын оюутан ахуй цаг буюу 60-аад он бол залуус “Хиппи” буюу тэнэмэл, эрх дураараа амьдрах явдлыг ид сонирхож байсан үе. Р.Гир ч нэг хэсэг бусад залуусын адил “Харли” унан давхиж, өөдөөс үлээх салхийг залгиж явжээ. Амьдралынх нь энэ зурвас үед кокаин, цоохор мөөг түүний хувьд ердийн хэрэглээ нь байжээ.
Тэрбээр өөрөө энэ үеэ “50-иад оны үзэсгэлэнт од Рита Хэйворттой төстэй бүсгүйг сундлаад моторт хүлэг дээрээ үл мэдэг найган давхих дуртай байлаа” хэмээн дурссан байдаг юм. Тэр үед Р.Гир “Chevelles”, “Strangers” зэрэг хамтлагт тоглон Боб Диланы дуунуудыг сонсдог байв. Гэхдээ супер баатруудын тухай өгүүлсэн кино үзэх дуртай байснаас бус өөрөө жүжигчин болох тухай огт бодож байсангүй. Ямар нэг рок хамтлагийн гишүүн болж амжилтад хүрэх л гол зорилго нь байжээ.

Хачирхалтай нь түүнийг жүжигчин болоход нөлөөлсөн гол хүчин зүй нь Вьетнамын дайн байсан юм. Дайн эхэлсний дараа тэрээр сургуулиа орхиж, жүжигчний дамжаанд суралцах болжээ. Түүнээс гадна Ричард дөнгөж жүжигчин болсныхоо дараа жил Бернардо Бертолуччи, Акира Куросава нарын бүтээлд тоглосон азтай эр.
БУДДЫН ШАШИН ШҮТДЭГ Ч ЭР ХҮНИЙ ХУВЬД АТААРХМААР АМЬДРАЛЫГ ТУУЛСАН
Түүнийг буддын шашин шүтдэг болохоор нь “даруухан эр” гэж андууравзай. Хорвоогийн тоосыг 67 жил хөдөлгөхдөө Жулия Робертс, Шарон Стоун, Ким Бэсинжер, Жоди Фостер, Ума Турман зэрэг Холливудын сайхан бүсгүйчүүд, Синди Кроуфорд тэргүүтэй тоолохын аргагүй олон загвар өмсөгчидтэй учир ургуулж явжээ. Тэдний дунд “Vogue” сэтгүүлийн редактор Лайза Лав хүртэл бий.

Загвар өмсөгч Синди Кроуфордын хамт.
Түүний хүүхнүүдийг “панаалдах” арга тун энгийн. Өөрөөр хэлбэл, хүүхэн найрахын тулд тэр юу ч хийдэггүй. Тэд өөрсдөө л гүйгээд ирцгээдэг гэнэ. Түүний хайрын “балнаас” нэг хэсэг амталсан Жулия Робертс Р.Гирийг залхуу мууртай зүйрлэсэн байдаг. Үнэхээр ч, тэр хүүхнүүдэд юу ч амладаггүй. Гэрлэлт, хүүхэд, итгэл, тэр байтугай хайр… Гэсэн ч хүүхнүүд түүнд яг л баланд дурлах ялаа мэт гүйсээр байдаг ажгуу.
АМИНААСАА Ч ХАЙРТАЙ ГУРВАН ХҮҮТЭЙ
Ричард ганц хүүтэй. 2000 онд төрсөн Гомер Жеймс Жигмэ гэдэг хүү бий. Загварын тайзнаас дэлгэцийн урлаг руу хальтран Жеймс Бондын бүсгүйн дүрийг бүтээж явсан Гэри Лоуэлл хэмээх бүсгүй Ричард Гирт үнэрлэх ганц үрийг нь төрүүлж өгсөн. Тэд 2003 он гэрлэлтээ батлуулж, 11 жил амьдарсан ч 2016 онд албан ёсоор салжээ.

Том хүүтэйгээ...
2018 онд Алехандра Сильва гэх испани эмэгтэйтэй гэрлэж, 2019 оны хоёрдугаар сард Александер хүүгээ өлгийдсөн. Жилийн дараа дахин нэг хүүтэй болжээ. Ричард Гир бол дэлхийн хамгийн алдартай цагаан хоолтнуудын нэг юм.

Дашрамд сонирхуулахад, Ричард эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдийн ч шүтээн гэнэ. Карьерийнхаа эхний жилүүдэд ижил хүйстэн залуугийн дүрд тоглосноос хойш гомо залуусын шүтээн болжээ. Р.Гирт баатрын дүр зохидоггүй. Үүнийгээ өөрөө ч мэддэг. Хүссэн бол тэр “Хатуу самар”-т тоглож чадах байлаа. Найруулагч Жон МакТирнан нь Брюс Уиллисээс урьтан түүнд санал тавьсан ч тэр татгалзсан гэдэг. Энэ нь ч зөв шийдвэр байсан юм. Б.Уиллис хэдийгээр хоёр дахь сонголт байсан цагдаагийн офицер Жон МакКлейний дүрийг гайхалтай амьдруулсан билээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

February 29, 2024
Мөсөнд авиралтын тамирчид дэлхийд данслагдаж эхэллээ

February 25, 2024
"Баасан гариг бүр гарч л байгаа бол та архины хамааралтай. Архинд ДОНТОХ эмгэгтэй болсон гэсэн үг"

February 25, 2024
Ц.Номин: Эмэгтэй хүн байх хэцүү. Гундуу явбал арчаагүй, аятайхан явбал аальгүй гэнэ

February 20, 2024


