Зөв бренд2023 оны 12 сарын 10-ны өдрийн 20:25
Makeup Artist Т.Ганжаргал: Арьсан дээр түрхсэн зүйлс шууд цус руу ордог учраас чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэх аюултай
Сүүлийн жилүүдэд охид, бүсгүйчүүд мэргэжлийн нүүр будалт, дүр хувиргалтын салбарыг ихээхэн сонирхож буй. Энэ талаар “Гангал” салоны үүсгэн байгуулагч, мэйк ап/make up/ артист Т.Ганжаргалтай хэсэг хором ярилцсанаа хүргэе. Тэрээр 2019 онд ШУТИС-ийг төгссөн бөгөөд “Цахилгааны инженер” мэргэжилтэй юм.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх хэзээнээс гоо сайхны салбарт, тэр дундаа нүүр будалтын чиглэлээр ажиллаж эхэлсэн бэ. Өөрийн туршлагаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?
-Өдрийн мэнд хүргэе. Анх гуравдугаар курсийн оюутан байхаасаа нүүр будалт хийж эхэлсэн. Одоо тав дахь жилдээ нүүр будалтын чиглэлээр ажиллаж байна.
Оюутан байхдаа Бэлла багш дээр суралцаад үргэлжлүүлэн хоёр жил хамт ажилласан. Үүний дараа “Гангал” компаниа үүсгэн байгуулаад хоёр жил болох гэж байна. 2022 оны арван сард салоноо нээсэн. Жилийнхээ ойн дээр салоныхоо байршлыг өөрчлөөд байж байна.

-Оюутан байхаасаа ажиллаж эхэлсэн гэхээр өмнө нь нүүр будах туршлагатай байсан уу?
-Тийм. Арван жилийн сурагч байхаасаа л найзууд, эгч нарынхаа нүүрийг их буддаг, түүндээ дуртай хүүхэд байсан. Их сургуульд орохдоо нүүр будалтыг чухалчилж бодохгүйгээр математиктаа сайн байсан учир аавынхаа зөвлөснөөр цахилгааны инженер мэргэжлийг сонгосон.
Үүнийхээ хажуугаар таньдаг хүмүүстээ нүүр будалт хийж өгдөг байсан юм. Тэр үед надаар нүүрээ будуулсан хүмүүс мундаг байна, чамаар нүүрээ будуулах гоё байдаг, энэ чиглэлээр суралцаач гэсэн зөвлөгөө их өгдөг байсан. Аав ээж харин “жоохон байж нүүр будлаа” гээд дургүй байдаг байсан шүү. /инээв/
-Үндсэн мэргэжлээрээ ажиллаж байсан уу?
-Ковидын үед гурван сарын хугацаанд ажилласан. Бэлла багш дээр суралцаж байх үед их завгүй ажилладаг байсан. Хажуугаар нь төгсөх дөхсөн учир диплом бичих гээд ачаалалтай үед ковид гарч гурван сар л ажиллаж амжсан.
-Нүүр будалтын чиглэлээр ажиллах явцдаа гаргасан амжилтуудаасаа хуваалцвал?
-Би өөрөө биш шавь нараа тэмцээнд бэлдэж оруулдаг. Бүх зүйлийг анхнаас нь эхлэн заалгасан Пүрэв-Эрдэнэ шавь маань “MBEAU” Олон улсын тэмцээнд “Үдшийн будалт” ангилалд алт, 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд Гранпри шагнал авсан. Би өөрөө бол “Яг түүн шиг” шоунд 2022, 2023 оны дугаарт нь нүүр хувиргалт, будалтыг хариуцан ажиллаж байсан. Мөн зураг авалт, телевизийн нэвтрүүлгийн нүүр будалтад явдаг.

-Үйлчлүүлэгчдийн харилцаа хандлага ямар байдаг вэ?
-Бид олон хүнтэй ажилладаг. Зарим үед цөөн хэдхэн хэцүү ааш араншинтай хүн орж ирэх тохиолдол байдаг. Юу хүсэж, зорьж ирсэн нь ойлгомжгүй, ярилцахгүйгээр шууд уурладаг эгч нар бас ирнэ.
Гэхдээ будалтаа хийж дууссаны дараа “Өөр хүн шиг болчихлоо, их баярлалаа” гээд сэтгэл ханамж дүүрэн гарч байгаа үйлчлүүлэгчдээ харж эрч хүч ордог.
Төрөл бүрийн сонирхол, шаардлага тавьдаг хүмүүс ирдэг учраас бүгдэд нь 100 хувь таалагдана гэж байдаггүй. Гэхдээ тэр нь маш цөөхөн хувь.
-Хамгийн их урам зориг, итгэл найдвар өгдөг хайртай хүмүүсээ яривал?
-Анх гэр бүлийнхэн дургүй байсан ч үндсэн мэргэжлээ орхиод энэ чиглэлийг сонгоод явж байгаа учраас одоо маш их дэмждэг. Дуртай болох хүртэл нь хичээж амжилт гаргаж байгаа нь бас миний хүч байх гэж боддог.
Анх мэргэжлээ орхихдоо ааваасаа их айж байсан ч одоо бол хамгийн их дэмждэг хүн бол манай аав ээж хоёр. Ялангуяа аав маань “Миний охин цаг авсан хүнээ хүлээлгэж болохгүй, одоо яв” гээд их анхаарал тавьдаг. Энэ болгоноос нь ажиллах урам зориг авч, өөртөө итгэх итгэлтэй болдог юм.
-Таван жил гэдэг багагүй хугацаа. Хэцүү шантармаар санагдсан үеүд байсан байх. Юу хамгийн их сэтгэлээр унагаж хэцүү санагдаж байсан бэ?
-Нүүр будалт хийх явцад урьдчилж цаг авсан ч цагтаа ирэхгүй дараагийн ажлууд дээр асуудал гарах, хэдхэн цагийн өмнө цагаа цуцлаад мөнгө нэхэх зэрэг асуудлууд их гардаг. Ганцаараа ажиллаад явахад асуудал харьцангуй бага гардаг байсан.
Харин компани байгуулаад, хүн удирдана гэдэг амаргүй байдаг юм байна. Анх салоноо нээгээд ажиллаж эхлэхэд бас больдог юм уу гэсэн бодол төрж шантарч байсан.
-Нэг хүний нүүр будахад хэр их хугацаа зарцуулдаг вэ?
-Нүүр будалтын төрөл, тухайн хүний юу хүсэж байгаагаас шалтгаалан нэг цагаас нэг цаг хорин минут болдог.
-Хамгийн чухал гурван будгаа авч үлд гэвэл таны сонголт юу байх вэ. Яагаад?
-Өө дарагч, сормуусны будаг, уруулын будаг. Өө дарагчаар арьсаа ерөнхийд нь жигдэлнэ. Сормуусаа будахад эмэгтэй хүний нүд шууд сэргээд ирдэг. Уруулын будаг ч бас нүүр будалтад зайлшгүй байх ёстой чухал бүтээгдэхүүн.
-Мэргэжлийн хүний нүдээр харахад Монгол бүсгүйчүүд нүүрээ хэрхэн будаж байна вэ?
-Мэйк-ап артистууд олон болсон учир сошиалаар дагадаг, үздэг зүйлс нь өөрчлөгдчихсөн. Хүссэн зүйлээ цахимаар хараад сурах боломжтой үе болохоор будаж байгаа будалтууд чанаржсан харагддаг.
Гэхдээ өөртөө тохирсон будалтаа хийдэг, чанартай бүтээгдэхүүн нүүрэндээ хэрэглэдэг хүмүүс цөөхөн юм шиг санагддаг. Үнэтэй хувцас өмсөж, үнэтэй утас хэрэглэдэг атлаа нүүрэндээ чанартай бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй хүмүүс их байна.
Арьсан дээр түрхсэн зүйлс шууд цус руу ордог учраас чанаргүй бүтээгдэхүүн арьсны өвчин, харшил үүсгэх зэрэг олон сөрөг үр дагавартай. Чанартай бүтээгдэхүүн хэрэглээд мэргэжлийн хүнээс багахан зөвлөгөө авахад өөртөө тохирсон цэвэрхэн будалтаа хийх боломжтой.

-Энэ салбар руу орохоор төлөвлөж, сонирхож байгаа бүсгүйчүүдэд зөвлөгөө өгвөл?
-Үнэхээр дуртай зүйл чинь үү, эсвэл зүгээр сонирхоод мөнгө олох гээд эхэлж байна уу гэдгээ эхлээд сайн бодож үзэх хэрэгтэй. Артист болоход хамгийн чухал нь багшаа зөв сонгох. Анх эхлэхдээ сайн багш дээр суралцаад өөрөө тууштай байх хэрэгтэй.
Үйлчлүүлэгч бүртэй ярилцаад явдаг учраас харилцаа хандлага бас чухал санагддаг. Амархан ажил гэж байдаггүй. Зүгээр л будаг ашиглаад хүн, хүнд нь зохисон будалт хийчихдэггүй.
Хүн бүрийн нүүрний онцлог хэлбэр өөр байдаг учраас зохисон будалт хийх нь чухал байдаг. Дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулаад хичээвэл чадахгүй, болохгүй зүйл гэж байхгүй. Хичээж байгаа хүнд шагнал заавал ирдэг.
Ярилцсан: Н.Мөнхцацрал
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

February 29, 2024
Мөсөнд авиралтын тамирчид дэлхийд данслагдаж эхэллээ

February 25, 2024
"Баасан гариг бүр гарч л байгаа бол та архины хамааралтай. Архинд ДОНТОХ эмгэгтэй болсон гэсэн үг"

February 25, 2024
Ц.Номин: Эмэгтэй хүн байх хэцүү. Гундуу явбал арчаагүй, аятайхан явбал аальгүй гэнэ

February 20, 2024


