Зөв бренд2024 оны 01 сарын 06-ны өдрийн 22:00
А.Жигарханян: Амьдрал хурлын танхимд биш, гал тогооны өрөөний ширээний ард шийдэгддэг юм шүү дээ
ЗХУ-ын ардын жүжигчин А.Жигарханяны нэгэн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр ЗХУ-ын үед дэлгэцийн сайхан залуу гэгдэж, одоогийнхоор бол хүсэмжит эрчүүдийн тоонд багттай бичигдэж явсан бөгөөд 2020 онд нас барах хүртлээ өөрөөсөө бараг 50 насаар дүү бүсгүйтэй амьдарч байв. Хүүхэмсэгтээ ч биш, угаас хүүхнүүд өөрсдөө түүнд тун ч талтай байсан гэдэг. Тэрбээр туулсан амьдрал, улирч баларсан хайрын романсуудынхаа талаар хэвлэлд ингэж ярьж байжээ.
“Жүжигчдийн уналт, сэргэлтэд эхнэр, нууц амраг, найз бүсгүйчүүд нь ямар их нөлөөлдөг гэж санана. Үнэндээ амьдрал их хурлын танхимын биш, гал тогооны өрөөний ширээний ард шийдэгддэг юм шүү дээ.
Москвагийн Театр урлагийн дээд сургуулийн хонгилд зогсч байхад минь нэг өвөгжөөр хүн “Чи армян хүн үү” гэж асууж билээ. 17 настай, хүсэл тэмүүлээс өөр юу ч мэдэхгүй хүү байхдаа тэр том сургуульд элсэхээр зориглон очоод байсан нь тэр үед юм. "Тийм" гэсэн хариултыг сонссоныхоо дараа тэрбээр “Залуу минь чамд зөвлөхөд энд цагаа битгий алд. Бушуухан Ереван руу гэртээ харь. Тэнд театрын урлагийн гайхалтай сайн сургууль байдаг юм” гэж хэлж билээ.
Огтоос танихгүй хүн байсан ч би зөвлөгөөг нь дагасаан. Москваг зорьсон миний анхны аялал нэг иймэрхүү байдлаар өндөрлөсөн түүхтэй. Сүүлд энэ талаар “Тэр ухаантай хүн надад сайныг хүсч тийм зөвлөгөө өгсөн байж таараа” гэж бодохыг хичээдэг болсон ч одоо хүртэл тэр явдлыг санахаар сэтгэлд нэг л сонин гомдол төрөөд байдаг юм.
Ингээд би Ереванд очиж тэндхийн театр урлагийн сургуульд орлоо. Гэтэл дөнгөж хоёрдугаар курст байхад минь Армяны орос театраас урилга ирэх нь тэр. Тэгээд дорхноо л тэдний хамгийн гол жүжигчдийнх нь нэг боллоо. Байнга гол дүрд тоглож, өөр жүжигчин бол амьдралдаа 100 хувь сэтгэл хангалуун байхаар л байлаа. Гэвч миний сэтгэл Москва руу тэмүүлсээр...

Яаж ч бодсон Москва илүү агуу шүү дээ. Тэнд шинэ, шинэ театрууд зохион байгуулагдаж байгаа сураг дуулдаад л. Тэгээд манай тэнд аялан тоглолтоор ирээд л. Би тэдний дунд нь орсон байна гэж мөрөөдөн сууна. Сүүлдээ Москва явсан бүх найзаасаа тэдгээр театруудын нэгэнд орон тоо олж өгөхийг гуйдаг болов.
Генерал болохыг мөрөөддөггүй цэргийг хэн сайн цэрэг гэх вэ дээ. Гэтэл би урлагийн гол цөм нь болсон Москва руу явахыг өөртөө хориглож байсан үе бас бий. Жаахан хүүхэд байхдаа сонссон үгсийг дотроо “Чи армян хүн юм байна... тиймээс яв даа, гэртээ харь” гэж ойлгож явсан үе болохоор тэгж хориглоод байсан хэрэг. Үнэндээ нэг алдартай эмэгтэй хүн байгаагүй бол өөрийн сайн дураар Москва явах шийдвэрийг хэзээ ч гаргахгүй байсан байх.
Ереванд Москвагаас жүжигчид их ирдэг байлаа. Үнэндээ дан ганц цалин харж амьдрах хүнд учир бүх л жүжигчид аль болох томилолт авахыг хичээж, аялан тоглолтод багтчихыг хичээдэг байсан үе л дээ. Кинонд тоглох нь ч илүү мөнгө олох нэг арга болж байсан гэдгийг нуухгүй. Тэр үед олон жүжигчид энэ л шалтгаанаар кинонд тоглодог байлаа.
Яг энэ үед манай театрт Эдвард Радзинскийн “Хайрын тухай 104 хуудас” гэдэг найраглалаас сэдэвлэсэн жүжиг тавигдаж, гол дүрд нь “Ленком”-ын од жүжигчин Ольга Яковлева урилгаар ирж тоглодог юм байна. Тэрбээр миний Ричард III-ын дүрийг бүтээхийг үзээд танилцахаар шийджээ. Үнэн хэрэгтээ би түүнд зөвхөн жүжигчний хувиар таалагдсан ч юм биш байж.
Бид Севан нуур руу хамт явж, би түүнийг Кавказчууд хамгийн хүндтэй зочиндоо барьдаг ишхван загасаар дайлж... тэр байтугай л юм болсон доо.

Ольга Яковлева.
Би эргэн тойрон дахь өндөр уулсыг заагаад “Чи харж байна уу, эд бүгд минийх. Би дөнгөж 30-хан настай, долоон жүжгийн гол дүрд тоглосон. Зарлалын самбарын хамгийн эхэнд миний нэр байдаг” гэх зэргээр онгисон юм.
Гэтэл тэр инээмсэглээ “Тэгээд цаашаа яах вэ” гэж асуусныг санаж байна. Үнэндээ би энэ асуултад хариулж чадахгүй байсан. Аз болоход Яковлева хариулт хүлээлгүй ярианы сэдвийг өөрчилж билээ.
Удалгүй тэр Москва явж, би бахь байдгаараа үлдсэн. Гэтэл тэр Москвад очоод найруулагч Анатолий Эфрост миний тухай ярьсан юм байж. Ингээд би “Ленком”-д ирж, хувь заяа шийдэгдэж байгаа юм.
Людмила Гурченкотой гэрлэж болох байлаа “Ленком”-оос гарсны дараа. Станислав Говорухины “Цагаан дэлбэрэлт” хэмээх кинонд тоглож байхдаа Люся Гурченкотой танилцаж билээ. Түүн шиг сонирхолтой эмэгтэйтэй өмнө нь би хэзээ ч учирч байгаагүй гэдгээ шууд л ойлгосон юм даг. Жүжигчний хувьд ч тэр, хувийн харилцааны хувьд ч тэр. “Усан дээр гал асахыг тэр бүр харж чадахгүй” гэдэг үг байдаг шүү дээ. Тэр яг л тийм байсан. Тэгээд би жагсаалтдаа нэмсэн.

Түүнтэй уулзах үргэлж сонирхолтой байдаг байлаа. Тэрбээр нөхөр болох хүнээ ийм байх ёстой гэж ярина, дараа нь огт өөр хүнийг төсөөлнө. Гэвч харамсалтай нь сүүлдээ салж дууссан даа..."
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

February 29, 2024
Мөсөнд авиралтын тамирчид дэлхийд данслагдаж эхэллээ

February 25, 2024
"Баасан гариг бүр гарч л байгаа бол та архины хамааралтай. Архинд ДОНТОХ эмгэгтэй болсон гэсэн үг"

February 25, 2024
Ц.Номин: Эмэгтэй хүн байх хэцүү. Гундуу явбал арчаагүй, аятайхан явбал аальгүй гэнэ

February 20, 2024


