Мэдээ2026 оны 04 сарын 09-ны өдрийн 16:42
БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн тухай ХЭН, ЮУ хэлэв
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг дэмжих эсэхийг өчигдрийн чуулганаар хэлэлцсэн ч УИХ-ын дарга С.Бямбацогт санал хураалтыг өнөөдөр болгож хойшлуулсан. Үг хэлж, асуулт асуусан гишүүдийн ихэнх нь хуулийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, уур амьсгал ч сайнгүй байсан нь нөлөөлсөн биз.
Нэмээд шүүмжлэлттэй хандаж, эсрэг байр суурь илэрхийлсэн УИХ-ын гишүүн Б.Жаргаланг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал "Хичээлдээ суугаагүй, хүнээр дүн гуйлгаж тавиулсан. Хичээлээ сонсоогүй учраас энэ хүн Үндсэн хуулийнхаа агуулгыг мэдэхгүй ярьж байна" зэргээр илтэд доромж өнгө аястай зүйлс ярьсан нь гал дээр тос нэмчихлээ.
Харин өнөөдөр УИХ-ын чуулган эхлэх үеэр Ардчилсан намын УИХ дахь бүлэг завсарлага авснаар санал хураалт ирэх долоо хоногийн пүрэв гаригт болж хойшиллоо.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг дэмжих эсэх асуудлаар УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг нэгтгэн хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Сөрөг хүчнээ намнах эрсдэл энэ хууль дээр нээлттэй харагдаад байгаа
"Ёс зүй гэдэг нэрийн дор сөрөг хүчнээ намнах хууль эрх зүйн орчин бий болчих вий дээ гэсэн том болгоомжлол байна.
Бид өнөөдөр ёс зүй, ёс суртахуун гэдэг хоёр асуудлыг тусад нь авч үзэх ёстой. Ёс зүй гэдэг бол хэм хэмжээ. Ёс суртахуун гэдэг бол хувь хүний төлөвшил.
Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд УИХ-д хүндэтгэлгүй хандаж, шүүмжилж үг хэлсэн Б.Жаргаланг “Хичээлдээ суугаагүй, дүн гуйдаг” гэж доромжиллоо.
УИХ-ын гишүүдийн дунд дарангуйллын судалгаа хийнэ. Магадгүй өнөөдөр эрх баригч нам энэ хуулийг батлаад, дараа нь сөрөг хүчнээ намнах эрсдэл энэ хууль дээр чинь нээлттэй харагдаад байна шүү дээ.
Өнөөдөр Улс төрийн намын төлөөллийн төв байгууллага нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрхтэй болох гэж байна. Энэ зарчмын хувьд зөв юм уу. Миний хувьд дэмжихгүй".
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Батлут: Хууль зөрчсөн ёс зүйгүй үйлдлүүд байгаа учраас иргэдийн төрд итгэх итгэл байхгүй болж байна
"Ерөнхийлөгчийн санаачилсан хууль төр, иргэний харилцааг шинэ түвшинд аваачих шийдэл. Ард түмнийхээ итгэлийг авч сонгогдчихоод нэг ч удаа хуралдаа суугаагүй гишүүн байж л байгаа шүү дээ. Ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа ч хүмүүс байна.
Ёс зүй гэдэг чинь өөрөө нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ шүү дээ. Ийм хууль зөрчсөн ёс зүйгүй зүйлүүд байгаа учраас иргэдийн төрд итгэх итгэл алга болоод байгаа юм.
Энэ хууль төрийн дархлааг жинхэнэ утгаар нь бий болгох хууль эрх зүйн зохицуулалт гэж харж байгаа. Үүгээрээ хэн нэгнийг яллах гээд байгаа юм биш, өс хонзон авах гээд байгаа юм биш.
Төрд түмнийг төлөөлж байгаа хүмүүс нь зөв байх зарчмыг л бүрдүүлж өгч байгаа. Эгүүлэн татагдах дөрвөн нөхцөл байдлыг нь тодорхой заагаад өгчихсөн байхад мэдсээр байж түүнд нь бүдрээд унаж байвал ёстой хохино л болно шүү дээ".
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль өргөн барихаасаа хууль зөрчиж байна
"Ёс зүйг хуульчилж болохгүй. Нэг ёсондоо олон нийтийг төөрөгдүүлэх байдлаар парламентын эрхэнд халдаж, дуугүй болгох, дохиураар хөдөлгөх гэж байна. Ийм зүйл рүү орж болохгүй.
Энэ нь алсдаа жижиг намуудад маш хохиролтой. Парламентад олонх байгаа нам нь сөрөг хүчний намуудаа ёс зүйн зөрчил гаргасан гэдэг байдлаар намнах, парламентаас түлхэж гаргах, цаашдаа парламентад хор хөнөөл учруулах үр дагавартай.
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль өргөн барихаасаа хууль зөрчиж байна. Алсдаа хойд Солонгос шиг гар өргөөд шийддэг, парламентын ардчилалгүй улс болох аюултай.
Ер нь ард түмний мандатыг хэн нэгэн булааж авч болохгүй. Парламент гэдэг бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа".
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: А.Бямбажаргал гэдэг хүн намайг тусгайлан гүтгэж доромжилсон
Чуулганы танхимд хууль санаачлагчийг төлөөлөөд ҮАБЗ-ийн ажлын албаны нарийн бичгийн дарга А.Бямбажаргал гэдэг хүн намайг тусгайлан гүтгэж доромжилсон үйл явдал боллоо.
Өнгөрсөн хугацаанд энэ хуулийн төслийг хэлэлцэж эхэлснээс хойш гишүүдийн асуудлууд яг энэ мөчөөс эхэллээ харагдаж байна гэж үзэж байна.
Цаашид УИХ-ын гишүүдийг хувийн зан байдлын талаар хөндлөнгийн этгээдэд энэ мэтээр гүтгэж доромжилж, гишүүдийг айдаст автуулж, парламентын танхимд нээлттэй ил тод байдлаар өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх боломжгүй байдалд аваачих нөхцөл байдалтай харагдаж байна.
Би энэхүү хуулийг удаа дараа эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн. А.Бямбажаргал ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх ёстой.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Энэ хуулийг батлах бүү хэл, хэлэлцэж байгаа нь нүгэл гэж би бодож байна
Дэгийн тухай хуулиар УИХ-д хүндэтгэлтэй хандах ёстой. Хэрвээ энэ хуулийг ажлыг хэсэг зөрчих юм бол хуулийн хариуцлага хүлээх заалттай. Сая дэгийн тухай хуулийн зөрчил явсан.
Үүнд Улсын их хурлын дарга өөрөө буруутай. Б.Жаргалан гишүүн асуулт асуугаагүй, асуулт асуугаагүй байхад үг хэлүүлсэн. Асуулт асуугаагүй байхад үг хэлэхдээ нэмээд хүн гүтгэж байгаа юм.
Үгэнд ор үгүй бол гишүүнээ хийхээ боль гэдэг хандлага илэрч байна. Тиймээс өнөөдрийн болсон үйл явдалд А.Бямбажаргал болон С.Бямбацогт нар хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Энэ хуулийг батлах бүү хэл, хэлэлцэж байгаа нь нүгэл гэж би бодож байна.
ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль та бүхнийг намнахгүй, хамгаална
"Ерөнхийлөгчийн санаачилсан хууль төрийг төр шиг, их хурлыг их хурал шиг, УИХ-ын гишүүнийг УИХ-ын гишүүн шиг байгаасай л гэдэг үүднээс хариуцлагажуулах, эзэнжүүлэх, шат дамжлагатах тогтолцоотой байх гэдэг зүйлүүдийг л эрэлхийлж байгаа.
Хамгийн гол нь энэ хуулийг Ерөнхийлөгч өөрөө санаачлаад ажлын хэсэг гаргаад гишүүдэд тулгаж байгаа юм биш. Зөвхөн хуулийн төсөл өргөн барьж, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Үүнийг хэлэлцэнэ гэж үзэх юм бол өөрсдөө ёс зүй гэж юу болохыг тогтоох ёстой. Зарим УИХ-ын гишүүд битгий ай. Энэ хууль та бүхнийг намнахгүй, хамгаална.
Хэн нэгнийг хэлмэгдүүлэх гээд байгаа юм биш, хэлэлцүүлэх гээд байгаа юм. Хууль санаачилсаны төлөө ЕТГ-руу битгий дайр. Бүх зүйлийг зогсоох, буруу тийшээ хазайлгаж болохгүй. Үүнийг ашиглаж хэт улстөржүүлж болохгүй. Бид бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой".
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Үе үеийн Ерөнхийлөгч нар өөрт байгаа эрх мэдлээ дутуудуулж байсан түүх байхгүй
"Манай улсад "гоё" нэртэй хууль оруулж ирээд, олон нийтийн дунд том хэмжээний сурталчилгаа хийж, түүнийхээ ард өөр зорилго агуулдаг "хуурамч ертөнц" бий болсон байна.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ гэдэг бол эрх мэдлээ маш зөв хуваарилах ёстой институциуд. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон хүний хувьд өөрийн эрх, үүргээ хэрэгжүүлэх ёстой бол УИХ-ын гишүүд ч мөн ард түмнээс олгогдсон бүрэн эрхээ эдлэх ёстой.
Үе үеийн Ерөнхийлөгч нар өөрт байгаа эрх мэдлээ дутуудуулж байсан түүх байхгүй, харин ч илүүдүүлж ирсэн. Парламентын гишүүнийг эргүүлэн татах асуудалд "ёс зүй" гэх хэмжиж боломгүй субъектив шалгуур тавих нь их том цоорхой үүсгэнэ.
Тухайлбал, хуралдаандаа огт үг хэлдэггүй ч ирц нь 100 хувь байдаг гишүүн, эсвэл үзэл бодлоо илэрхийлж ширүүн үг хэлсэн гишүүн хоёрын хэнийг нь ёс зүйгүй гэж үзэх вэ гэдэг нь тодорхойгүй юм. Ийм хэмжигдэхүүн байхгүй зүйлээр институцийг хэмжих нь тогтолцоог ганхуулах эрсдэлтэй.
УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сайжруулахын тулд заавал Ерөнхийлөгч оролцох албагүй. Парламент өөрөө ёс зүйн дүрмээ чангатгаж, дотооддоо асуудлаа шийдвэрлэх бүрэн боломжтой.
Ард түмний амьжиргааг дээшлүүлэх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, авлигатай бодитой тэмцэх зэрэг улс орны амин чухал асуудлуудыг цаг үеийн шинжтэй улс төрийн шоунаас дээгүүр тавих ёстой".
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр өс хонзон нь дийллээ
"Ерөнхийлөгч парламентад ажлаа тайлагнадаг юм уу, хичээл заадаг юм уу. Парламент, Ерөнхийлөгч хоёрын хэн нь том юм бэ гэдэг зодоон яваад байна.
Ерөнхийлөгчид таалагдсан бол ёс зүйтэй, таалагдаагүй бол ёс зүйгүй болох юм уу. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр өс хонзон нь дийллээ".
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Ард түмний мандатыг тодорхой бус шалгуураар Цэц хүчингүй болгоод байж болохгүй
Улсын Их Хурлын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой нь үнэн. Хариуцлагыг хатуу ярьж, бас тэр хариуцлагыг хүлээлгэдэг үр дүнтэй механизм ч байх ёстой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн зарим хэсэгтэй санал нийлж, зарим хэсэгтэй нь санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн.
Гэхдээ хариуцлагын тогтолцоог хийхдээ гуя дагаж хүзүү гэдэг шиг хандаж болохгүй ээ. Ард түмний мандатыг тодорхой бус шалгуураар Үндсэн Хуулийн Цэц хүчингүй болгоод байж болохгүй.
Үнэхээр парламентын дархлааг сайжруулж, гишүүдээ хариуцлагатай байлгах гэж байгаа бол улс төрийн намуудыг хариуцлагажуулах, дотоод ардчилал, манлайллыг нь нэмэгдүүлэх дээр алхам хийх ёстой.
Сонгуулийг мөнгөний хүчин зүйлээс салгах шаардлагатай. Нэр дэвшиж, сонгогдоод орж ирж байгаа гишүүд нь үүргээ ухамсарладаг, ёс зүй, ёс суртахууны хэмжээгээ мэдэрдэг хүмүүс байх ёстой. Ингэж байж ард түмэн УИХ-ын гишүүдэд улс төрийн хариуцлагыг нь тооцох зөв механизм бүрдэнэ.
Асуудалд тэр энэ нам, бүлэглэл гэж хандсангүй. Хуулийн зарчмаа барьж хандаж байна. Зарчим зөв бол дэмжээд, шийдэл нь залхуу, углуургаар нь харж чадаагүй тохиолдолд шүүмжилсээр байх болно.
ТББХ-ны хуралдааны үеэр миний асуултад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал УИХ-ын гишүүн тангаргаасаа няцсан эсэхийг 1994 оноос хойш Цэц шийдэж ирсэн, 1992 оны Үндсэн хуульд ч байгаа гэж хээвнэг хариулсан билээ.
Гэтэл 1992 оны Үндсэн хуульд УИХ-ын гишүүн тангаргаасаа няцсан талаар заалт байгаагүй, энэ заалт 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр орж ирсэн, 1994 оны Цэцийн дүгнэлт нь үүнтэй огт хамааралгүй гэдгийг, УИХ-ын гишүүн давхар ажил эрхэлсэн нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар л дүгнэлт гарч байсныг өнөөдрийн УИХ-ын чуулган дээр түүнд сануулсан.
УИХ-д энэ мэтээр илт худал хариулт, мэдээлэл өгч байгаа А.Бямбажаргал өөрөө ёс зүйтэй юу. Энэ байдлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хээвнэг худал мэдээлэл өгдөг юм биш биз гэж зовниж байна" гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 10, 2026
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

April 9, 2026
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр буцаахыг уриаллаа

April 9, 2026
"Цэцийн 9 гишүүн УИХ-ын хувь заяаг шийддэг байж болохгүй"

April 9, 2026


