Нийтлэл2026 оны 07 сарын 27-ны өдрийн 01:09
Нийтлэл2026 оны 07 сарын 27-ны өдрийн 01:09
Засгийн газраас хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор "Хүүхдийн төлөө За бол Заавал хий" үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэхээр болсон. Гэвч бодит байдал дээр тэдэнд хэдхэн хоног зусланд зугаацаж өнгөрүүлэх бус өдөр бүр гарч тоглоход аюул, осолгүй толоомын талбай хэрэгтэй байна.
Үдийн нар дөнгөж хэвийсэн 18:00 цагийн үе. Хүүхдийн цангинсан хоолой орцны гадаа дуулдана. Уулын өөд сүндэрлэн боссон олон барилгууд дундах энэ газарт тэдэнд ээлтэй орчин тун ховор. Баянзүрх дүүргийн 41-р хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбайнууд машин зам дагуу баригдсан, зай талбай бага, элэгдэж хуучирсан, зарим нь бүр хэзээ ч засварлаж байгаагүй мэт харагдана.
Хот байгуулалт, хотын стандартын газраас хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлагт зааснаар:
Хүртээмжтэй байдал 50-100 ам.метр байх, ногоон байгууламж 20 хувиас багагүй, хүүхдийг ажиглаж харж хандах боломжтой камер 10 метр радиуст байх хэрэгтэй.
Харин гадургуун хувьд хүүхэд тоглож байхад тээглэж, бүдрэхээргүй тэгш, хур тунадас тогтохооргүй, хүүхдийн тоглоомын талбай дахь тоглоом болон бусад тоног төхөөрөмжийг суурилуулсан анкер боолт, холбох хэрэгслүүдийн толгойг заавал далдлах ёстой, хатуу хучилттай гадаргуутай байхыг хориглоно зэргээр заасан байдаг.
Хогондоо баригдаж, барилгадаа шахагдсан энэ газар тухайн шаардлагыг хангах талбай нэг ч байсангүй гэхэд хэлсдэхгүй.

Эцэг эхчүүд, асран хамгаалагчдын зүгээс тоглоомын талбайн зай, чанарын хувьд сэтгэл дундуур байдгаа хэлсэн юм.
Байрны оршин суугч М: “ Энд амьдраад зургаан жил орчим болж байна. Анх бидэнд барилгын баруун талд маш том хүүхдийн тоглоомын талбай баригдана гэж оруулсан боловч тэр талбайд шинэ барилга баригдаад эхэлсэн.
Сүүлд жил орчмын өмнө энэ гурван алхмын зайтай талбайг машин зам дагуу барьж өгсөн. Ер нь ирсэн цагаас шинэ блокууд нэмэгдсэнээс зориулалтын хүүхдийн талбай нэмэгдсэн удаагүй. Одоо бараг барих зай талбай ч үгүй болсон биз” гэв.
Хүүхдээ тоглжуулж суусан ээж: “ Одоохондоо гэртээ хүүхдээ хараад суудаг болохоор өглөө, оройдоо гаргаж тоглуулдаг. Байнгын хараа хяналттай тоглуулахгүй бол өндөрлөг газар осолтой. Хүүхэд л юм хойно машины зогсоол, шат руу гүйж тоглох их дуртай байдаг. Баригдсанаасаа хойш ганц хоёр удаа зөөлөвч хийж, өнгө будгийг зассан. Тоглоомын талбайг томсгох боломжгүйгээс хойш ядаж машин замнаас тусгаарласан хашлага байх хэрэгтэй санагддаг. Савлуурыг цаанаас нь хийдэггүй юм шиг байна лээ. Том хүүхдүүд хүчтэй саваллаа гэхэд төмөр хашааг даваад унаж бэртэх, амь эрсдэх ч боломжтой газар барьчихсанаас хойш хүний амиар тоглолтой нь биш дээ” хэмээн санаа зовнин хэллээ.

Өөрсдийн эрүүл, аяулгүй орчинд өсч бойжих эрхээ хасуулж байгаагаа ч үл мэдэх тэд талбайд хөөцөлдөн гүйж, байрны хажуугийн буланд цементэн дээр хөл бөмбөг тоглоцгооно. 5 настай М.Нандин:“Энд гулсуур дээр гулсаж, чоно туулай болж тоглох дуртай. Эндээ савлууртай болчихвол өөр хүсэх зүйл байхгүйдээ эгчээ” хэмээн тоосон шинжгүй хэллээ.
Тоглоомын талбай нь хүүхдийн оюун ухаан, бие мах бод, сэтгэл санааны хөгжлийг дэмждэг чухал орчин байх ёстой болохоос, хэн нэгний шунал, хэрэгждэггүй төрийн шийдвэрт зохицож амьдрах нь хэвийн үзэгдэл болчихсон байх ёсгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

July 28, 2026

July 28, 2026

July 28, 2026

July 27, 2026