Улс төрийн намуудын зорилго ерөнхийдөө 2024 он руу чиглэчихжээ. Жижиг гэгдэх намууд идэвхжиж, стратегиа ч бага, багаар ил гаргаж байна.
Тухайлбал, ХҮН нам гадаад улсад амжилттай ажиллаж байгаа шилдэг боловсон хүчнийг эргүүлэн татаж, эх орных нь төлөө ажиллуулна гэдэг байдлаар пи ар төлөвлөсөн бол ШИНЭ нам “Эрдэнэс Тавантолгой”-г 100 хувь иргэдэд өмчлүүлье” гэсэн нь дэмжлэг авч чадаж байна.
Гэтэл эрх баригч МАН-ын сонгуулийн гол хөзөр болох “5 Ш” ажиллагаа зогсонги байдалд оржээ.
Яг зогсоогүй ч баригдаж ирсэн том “Шувуу”-нууд, “Нүүрсний” хэргийн холбогдогч нарын асуудлыг шийдэхгүй удааширч байгаа нь тийм сэтгэгдэл төрүүлж байна.
Өөрөөр хэлбэл, “Шувуу” ажиллагаагаар баригдаж ирсэн Т.Бадамжунайг батлан даалтаар сулласан, ХХБ-ны Д.Эрдэнэбилэгийг гадагшаа зугтаалгасан, “Нүүрсний хэрэг”-ээр баригдсан Б.Ганхуягийг есөн сар хорихдоо нэг ч удаа байцаагаагүй нь мэдэгдсэн зэрэг нь бусад “Ш”-үүд ч явахгүй байгаа мэт харагдуулж, тэмцэл нь худал хуурмаг байсан мэт ойлголтыг иргэдэд төрүүлж байна.Тиймээс эрх баригчид одоо өөрсдөдөө гал аваад ч хамаагүй том хэргүүдийг шийдэх шаардлагатай байна.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, Прокуророос Т.Бадамжунайд дөрвөн зүйл ангиар, 10 гаруй жилийн ял төлөвлөжээ.
Харин Б.Ганхуягийн тухайд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүх шүүгдээс татгалзсан асуудлыг нь шийдэхээр завсарлага авсан гэж буй.
Гэвч асуудлыг одоо болтол шийдээгүй нь “Б.Ганхуягийн шантаажилсан мэдэгдэл байгаа оножээ” гэсэн сэтгэгдэл төрүүлж буй. Энэ мэдээж, сонгууль дөхөх тусам л эрх баригчдад ашиггүй байдлыг үүсгэх нь мэдээж билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна