Ирэх жил улсын наадамд хэн гэдэг бөх түрүүлэхийг эрүүгийнхэн шийдэх үү

Zuv.mn
2024/07/30

Энэ жил улсын хэмжээнд 100 гаруй сум 100 жилийн ойгоо тэмдэглэж, ихэнх нь улсын наадмаас тусдаа наадаж байгаа билээ.  Үүнээс гадна Дорноговь зэрэг аймаг наадамдаа ач холбогдол өгч, улсын наадмаас тусдаа наадацгааж буй.

Цаг хугацааны хувьд улсын баяр наадмаас ингэж тусгаарлана гэдэг нутаг уснаасаа төрж гарсан өндөр цолтой, ид барилдаж байгаа бөхчүүдийг барилдуулж, улсын наадамд түрүүлж айрагдсан хурван буянгууд, сурын харваанд дээгүүр наадсан мэргэчүүлийг авчирч, наадмынхаа цар хүрээ, ач холбогдлыг өсгөх зорилготой байдаг.

Наадам нь зөвхөн аймгийн цол өгдөг гэдгээсээ гадна аялал жуулалын нэг том брэнд болж, орон нутгийн удирдлага иргэдтэйгээ нийлээд гадаад, дотоодын жуулчдыг татаж, эдийн засгийн хувьд ашигтай болгохыг хичээдэг зөв жишиг тогтож буй. Тэр ч утгаараа наадам товлоно гэдэг ч бусад наадамтай давхцуулахгүй байх, ойр наадмуудаас хүн татах боломжийг эрэлхийлэх зэргээр ухаан зарсан ажил болоод буй.

Эрийн гурван наадмын тухайн цагийнхаа өнгө болсон бөх, харваач, морьдыг авчирсан нутгийн хийморь сэргэж, ард иргэд нь цовоо сэргэлэн, эрч хүчтэй, ажил хөдөлмөр нь өрнүүн болдог бэлгэдэлтэй.

Гэтэл монгол түмний оршихуйн нэг баталгаа болсон энэ ялгарал, уламжлалт соёлыг хадгалах, түгээн дэлгэрүүлэх хүчин чармайлтыг хүний хог шаар болсон гэмт хэрэгтэн, эрүүгийн элементүүд шийдсэн гэх мэдээлэл цацагдаж олон нийтийг цочроов.

Тодруулбал, Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 93 жилийн ойн баяр наадамд зодоглохоор очсон улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Б.Серик, улсын начин Б.Чимэдвандан тэргүүтэй улсын цолтнууд, наадмыг нь хүндэтгэхийн ялдамд үнэн хүчээ үзэн барилдах зорилготой залуу бөхчүүдийг шоронд хоригдож байгаад суллагдсан этгээдүүд самарч, “Унаж өгөхгүй бол шөрмөсийг чинь тасална” гэх зэргээр сүрдүүлэн барилдааны үр дүнд нөлөөлсөн гэх мэдээлэл байна.     

Улмаар улсын цолтой олон бөх зодоглосон Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 93 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ч Айраг сумын харьяат аймгийн начин С.Занданхүү түрүүлж, Сайхандулаан сумын харьяат аймгийн заан Б.Түвшинтулга үзүүрлэсэн аж. Увс аймгийн Хяргас сумын заан Х.Бумбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын заан Л.Агваансамдан нар их шөвөгт үлдэж аймгийн харцага болжээ.

Улсын цолтон олон очсон аймгийн наадамд улсын цолгүй бөх түрүүлэх нь байдаг л үзэгдэл. Ихэнхдээ улсын цолтнууд нутгийг нь хүндлээд залуу бөхчүүдэд унаж өгдөг, эс бөгөөс хүчээр аагалж айлгаж байгаад мөнгөөр унаж өгдөг ийм хоёр л шалтгаантай байсан. Энэ бол Дорноговь аймгийн наадамд гарсан тохиолдолтой харьцууулахад үр дагавар нь аюултай биш.

Учир нь, улсын цолтнууд эрэмбээрээ аймаг, сумын наадмын үр дүнд нөлөөлдөг ч үнэн хүчийг үзэх утга нь хэвээрээ байдаг.

Гэтэл эрүүгийн ертөнцийнхөн наадмын үр дүнг шийдээд эхэлж байна гэдэг цаашдаа ямар үр дагавар авчрах вэ. Энэ жил аймгийн наадамд нөлөөлж чадаж байгаа бол ирэх жил улсын наадамд хэн түрүүлэхийг эрүүгийнхэн шийдэх үү.

Энэ хэргийг хууль хяналтын байгууллагууд сайтар шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой.

Учир нь, эрүүгийнхэн дураараа аашилж байгаа улсад ардчилал байдаггүй юм. эрх баригчид хэчнээн ардчилалтай гэж зүтгээд ард түмэн нь итгэдэггүй юм. Цаана нь улс төрд нөлөө бүхий этгээд ч байх магадлалтай гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгодог юм.

Үндэсний бөх нь өнөөдөр Монголд улс төрийн салшгүй нэг хэсэг болтлоо ашиглагдаж, бохирлогдож байгааг бүгд мэдэж байгаа. Шинэ үеийн залуус харин өөр болж байгаа юм байна гэсэн итгэл энэ жилээс л төрж эхэлж буй. Сэргэж буй энэ итгэл, иргэдийн бөхөө гэх сэтгэлийг ингэж сэвтээж болохгүй ээ.  

Монгол үндэсний бөхийн нэр хүнд унасны гол буруутан нь яг үнэндээ үндэсний бөхөд мөнгө цутгаж, жүжиг тавиулж байгаа эрх мэдэлтнүүд, баячууд байсан. Дорноговийн наадмын будлианы цаана ч ийм учир байхыг үгүйсгэхгүй. Нийгэмд үзүүлэх нөлөө нь асар хортой учраас төрт улс мөн л бол заавал шалгаж мухарлах учиртай.

Монгол бөхийн дэвжээ эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн нөлөөний бүс байж болохгүй. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 84.225.179.121
    2024/08/02

    Магадлал байгаа тэд шөрмөс тасдах байтугай юм хиинэ аюултай улс холхон явахаар хүмүүсдээ манай улс төриихөн тэднийг хөлсөлж бизнэсиин хор юмаа хутгадаг нь тодорхой болсон мафитай кино амьдралд ороод ирсээнм

    Хариулах
  • 103.168.34.67
    2024/08/01

    ene ch ungursun boroo bolov shig ! ter jil eruugiin hulgaich l Suhbatiig daramtalj bsn ym bish uu ? ene bichig ch lav setguulch bishee , utga uchirgui urd hoino n orson ym bicheed bn

    Хариулах
  • 122.201.31.10
    2024/08/01

    Бөхчүүд арай ч дээ эрүүгийн хулгайчуудын нугасыг нь тас тонгорооч лаларуудыг хэн байдагын хэн тэгж далчигнаад заналхийлсэн юм.Цөм шаачий бысдаг эрүүгийн хулгайчууд тийм овоо чөмөгтэй хулгайч нар юм бол бөх рүү орохгүй энэ худлаа хэрвээ нөлөөлсөн бол ил гараад ир сайхан зодолдоё лаларуудаа эр хүн шиг цохилцоё гурав ч байсан цохино гуч ч байсан нам цохино би лаларуудыг. Энэ муу эрүүгийн хулгайчуудын шөрмөс таслана гэдэг үхсэн ац нь байдын өөрсдөө хөл гараа таслуулав алуулав хүүрнүүдээ бүүр уур хүргээд цөс хөөргөчихлөө

    Хариулах
  • 202.72.240.9
    2024/08/01

    цагдаагийн эрх мэдлийг боомилсон улс төрчид шоронгийхонтой сүжирдэг болсонтой холбоотой цагдаа арайч ийм байгаагүй дээ нэгл хулгайч нарын эрх ярьсан лаларууд

    Хариулах
  • 124.158.108.76
    2024/07/31

    цагдаа тагнуул нь ажиллаачээ

    Хариулах
  • 59.153.115.245
    2024/07/31

    Арай арай

    Хариулах
  • 202.9.41.16
    2024/07/30

    Үндэсний бөхөд бааварлаад мулт үсэрдэг нуснууд олон улс олимпд шалнуур алчуур хийдэг одоо хандлагаа өөрчилж үндэсний бөхөд бай шагналаа болиод жүдо чөлөөт бөхөд хөрөнгө оруулалт хийе наанадаж улсын нэр гарна шдээ

    Хариулах
  • 103.212.116.122
    2024/07/30

    Улаан аймаг штэ

    Хариулах