Хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт бүхий 35.7 их наяд төгрөгийн ТӨСӨВ

Zuv.mn
2024/09/02

Засгийн газраас 2025 оны төсвийн төсвийг боловсруулан УИХ-д өргөн бариад буй билээ. Хууль эрхзүйн шинэ зохицуулалтын дагуу анх удаа есдүгээр сарын 1-д өргөн баригдсан төсвийн онцлох мэдээллийг уншигчдадаа хүргэе.

Төсөв тэлэх шалтгаан, үндэслэл 

Засгийн газар 2025 оны төсвийн 35.795 их наядаар баталжээ. Энэ нь 2024 оны төсвөөс /тодотголтойгоо 30.5 их наяд/ 5.295 их наядаар илүү байна. 35.795 их наядын 24.514 их наяд нь урсгал зардал бол хөрөнгө оруулалт, гадаад зээл, үнэт цаасны төлбөр үлдсэн хувийг эзэлж байна.
Манай гадаад худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засаг тогтвортой өсөж байгаа. Тус улсын эрх баригчид сүүлийн хэдэн жил баримталж байсан нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хязгаарлах бодлогоосоо ухарч, "Нүүрснээс сэргээгдэх эрчим хүч рүү хийх шилжилтийг 20 жил үргэлжилнэ" гэж зарласан байна. Улмаар нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээ өндөр байгаатай холбоотойгоор худалдааны таатай нөхцөл амалж, "Авчирч чадах хэмжээгээр нь худалдаж авна" гэж байгаа нь бидний хувьд таатай боломж бөгөөд төсвийн орлого нэмэгдэх, нэмэгдсэн орлогоо өсөлтийг хангах дэд бүтцийн салбар руу зоригтой оруулах үндэслэл болж байна.


БНХАУ нүүрсний хэрэглээгээ 20 жил үе шаттайгаар багасгалаа гэж бодоход эхний 15 жилд нь манайхаас худалдан авалтыг зайлшгүй хийх бөгөөд бид энэ хугацааг аль болох үр дүнтэй ашиглаж, асуудлаа шийдэхийн тулд экспортоо өсгөх зайлшгүй шаардлагатай. Тиймээс Засгийн газар хөрөнгө оруулалтынхаа дийлэнхийг буюу 3,589.4 их наядын хөрөнгө оруулалтынхаа 3,033.2 их наядыг буюу бараг 80 хувийг нь зам тээврийн салбарт оруулахаар болсон байна. Тодруулбал, ирэх дөрвөн жилд барихаар төлөвлөсөн 40439 км замынхаа 2200 км-ийг ирэх жил эхлүүлэх бөгөөд үүн дотор Арцсуурь, Бичигт, Шивээхүрэнгийн боомт зэрэг экспортыг нэмэгдүүлж, үр ашиг авчрах замууд багтаж байгаа аж. 

2025 оны төсвийн хариуцлага хэмээх философи буюу таван бодлого, 15 төсөл 

2025 оны төсөв:
-Хөгжлийн бүтээн байгуулалт
-Бүсчилсэн хөгжлийг дэмжих төсөв, татварын бодлого
-Боловсруулах үйлдвэрлэл, жижиг, дунд бизнесийг дэмжих татварын таатай орчин
-Баялагтаа эзэн Монгол, орон сууцжуулалтыг дэмжих таван багц ажиллагаа
-Хүний хөгжлийг дэмжсэн, хүний эрхийг дээдэлсэн бодлого гэсэн таван зорилгод зангидагдаж байгаа бөгөөд тус бүр дээр тодорхой ажлууд төлөвлөгдөж хэрэгжинэ.
Жишээ нь, бүсчилсэн хөгжлийг дэмжих зорилгоор тухайн бүс нутаг бүр өөрсдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн татварын ялгаатай бодлого баримтлах боломж бүрдэж байгаа аж. Тодруулбал, бүс нутаг бүхэн тулгамдсан асуудлаа тодорхойлоод шийдэхийн тулд татварын дэмжлэг үзүүлэх зэргээр ажиллах юм байна. 

Түүнчлэн, ашиггүй ажиллаж төсөвт дарамт нэмдэг гэж шүүмжлэгддэг 110 орчим ТӨК, орон нутгийн өмчит нийлсэн нийт 500 гаруй компанид аудит оруулан нөхцөл байдлыг нь тодруулж, олон нийтийн болгох, бүрмөсөн хувьчлах, татан буулгах зэрэг өөрчлөлтийг хийх суурь ирэх жилд тавигдах юм байна. Тодруулбал, төр төсөвт ирдэг ачаанаасаа салах ажлын эхлэл тавигдана. 

Төсвийн тухай хуулийг энэ жилээс эхлэн өмнөхөөс нэг сарын өмнө өргөн барьдаг болсноор хяналт, хариуцлагын тогтолцоо сайжрах хүлээлттэй байгаа. Тэгвэл Засгийн газар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа бүрэн эрхийн хугацаандаа амжуулж, иргэдэд бодитой дүн тавих бололцоо олгосон нь урьд жилүүдийнхээс их таалагдлаа. Тодруулбал, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нэр бүхий 15 мега төслийн 13 нь 2028 онд буюу УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд ашиглалтад орохоор төлөвлөгджээ. Санхүүжилтийг жил, жилээр нь төлөвлөж, танилцуулгадаа ч тодорхой харуулсан байна.


Товчхондоо, бондын өрийн эргэн төлөлтөөс чөлөөрсөн тааламжтай үеийг ашиглан, өсөлтийг хангах төслүүдээ анхаарал хандуулах боломж бидэнд гарч байна. Бид хөгжилд чиглэсэн төслүүдээ нэн яаралтай эхлүүлэхийг чухалчилж, 2024 оны төсвөө тодотгосон бол 2025 онд үргэлжлүүллээ. Тодруулбал, төсвийн тодотголд багтсан Эрдэнэбүрэнгийн УЦС, Солонго 1, 2 орон сууцны хороолол, шинэ Төв цэвэрлэх байгууламж, Улаанбаатар хотын ногоон орон сууц, Газрын тос боловсруулах үйлдвэр, 10 аймгийн дулааны станц, Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах зэрэг томоохон бүтээн байгуулалт, төсөл арга хэмжээг санхүүжүүлэх ажлууд үргэлжилж байна.       



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.221
    2024/09/02

    мөрөөдлийн зүйлүүдээ биччихсэн юм бн да

    Хариулах