Д.Батбаяр: Хувийн хэвшил хийчих боломжтой ажлуудыг төсвөөр санхүүжүүлэх ямар хэрэгтэй юм бэ

С.Гандэлгэр
22 цаг 4 минутын өмнө

2025 оны Улсын төсвийн УИХ хэлэлцэж байна. Ирэх оны төсөвтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ-ын төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Батбаяртай ярилцлаа.

-УИХ энэ цаг үед 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Хэр чамбай болсон гэж бодож байна вэ ?  

-Шинэ Парламент бүрдсэнээс хойш  хоёр дахь улсын төсвөө хэлэлцэж байна. Төсвийн төслийг өргөн барихаас өмнө 2024 оны төсвийг тодотгосон. 2025 оны төсвийн тухайд, манай Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, байр сууриа тодорхой болгосны дараа Байнгын хороонд танилцуулж, цааш УИХ-аар хэлэлцэх дараалалтай. 

2025 оны төсөв одоо бол их гоё харагдаж байгаа. "14 мега төслөө хэрэгжүүлнэ. Орон нутгийн шинжтэй, аймгийн шинжтэй ажлуудыг танана" гэж ярьж байна. Гэтэл ерөнхий раам нь сайхан ч урьдынхаараа маш том төсөв боож орж ирсэн. 

14 мега төсөл эдийн засгийн хувьд үнэхээр үр ашигтай юу гэдэгт би УИХ-ын гишүүний хувьд эргэлзэж байгаа. Мэдээж, улсын ажил учраас бүх юм бизнесийн байгууллага шиг үр ашиг дээр тогтох албагүй. Гэхдээ манай улс санхүү эдийн засгийн асуудлаа түрүүлээд шийдэх замаар мега төслүүдээ урагшлуулах боломж байгааг мартаж болохгүй. Хөрс, суурийг нь бэлдээд өгөөд хувийн хэвшлээр хийлгэх боломжтой төслүүдийг төсвийн мөнгөөр санхүүжүүлэх ямар хэрэгтэй юм бэ. Ер нь аливаа юмны эрэмбэ, дараалал дээр анхаарал хандуулах ёстой юм байна гэж харж байгаа. 

-Боловсруулагчид нь  "Улс төр, эдийн засгийн онцгой ач холбогдолтой 14 мега төслийг эхлүүлсэн, түүнчлэн өмнө нь дутуу хагас санхүүжүүлдэг 500-600 төслөө болиод 50-60 төслийг нэг мөсөн санхүүжүүлэх бодлого барьсан" гэж тайлбарлаж байгаа. Та санал нийлэх үү?  

-14 мега төсөл бол шинэ юм биш. Олон жил яригдсан ч төсөв мөнгөний хүрэлцээгүй байдал, улстөржилтөөс болоод хэрэгжээгүй төслүүд. Ер нь, бидэнд төсвийн эх үүсвэр хангалтгүйгээс аливаа аливаа асуудлыг нэгмөсөн шийдэлгүй аргалах, "гал унтраах" маягаар явж ирсэн дутагдал бий.  
Гэхдээ тэглээ гээд их хэмжээний зээл, концессоор төслүүдээ хэрэгжүүлэх нь хэр зөв бэ. Эдийн засгийн хувьд боломж бий юу, зохист байдал алдагдах юм биш биз гэдэг талаас нь харах хэрэгтэй. 
Одоо бол Сангийн яамнаас оруулж ирсэн хүрээнд л төсвөө хэлэлцэх болчхоод байна. Тэнд бичсэнээр бол 2.6 их наяд төгрөгийн гадны зээл тусламж Монголд орж ирнэ. Энэ их зээл, тусламжийн ихэнх хувь нь нөгөө л сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг дуусгах, шинээр эхлүүлэх гэх мэт ажилд зориулагдах нь. 
Тэгэхээр зээл аваад эдийн засгийн үр ашгийг нь тооцохгүйгээр зарцуулна гэдэг миний хувьд байж боломгүй санагдаад байгаа.

 -Тэгвэл яах ёстой вэ ? Эхлээд эдийн засгаа солонгоруулах, тэлэх ажлаа хийгээд дараа нь хатуу дэд бүтэц, барилга байгууламжаа хийх ёстой юу ? 

-Манайх нүүрс, ашигт малтмалаа л зарж мөнгө олж байна. Угтаа бол үйлчилгээ, үйлдвэрлэл гэх мэт салбар нь тодорхой хувь эзэлдэг байх ёстой. Тэгээд бид эдийн засгаа тэлье гэж яриад байгаа мөртлөө ирэх жилүүдэд манай улсын гол орлогын эх үүсвэр болох зэс, нүүрсний үнэ унахаар болчхоод байхад дахиад л чичрээд яваад байна. Дандаа л барилга байшин, сургууль, цэцэрлэг барих, үндсэн хөрөнгө нэмэх зүйлээ хийж байна. Үндсэн хөрөнгө нэмнэ гэдэг нь хөрөнгийн зардал нэмэгдэнэ. Тэнд ажиллаж байгаа ажилчдын орон тоо нэмэгдэнэ. Дагаад цалингийн зардал нэмэгдэнэ. Эцэст нь дахиад л төсвийн зарлага нэмэгдэнэ. Төсвөөс цалинждаг, төсвөөс хамааралтай байдаг олон аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа тоог ахиад л нэмнэ гэсэн үг. 

Юу хийх ёстой байсан бэ гэхээр боловсруулах үйлдвэртэй болох маш чухал байна. Тэрийг гэхдээ заавал төр хийх албагүй. Боломжийг нь олгох ёстой. Хувийн аж ахуйн нэгжүүд гадны хөрөнгө оруулалт татдаг, эдийн засгийн буюу бизнесийн үр ашиг өгдөг болгох ёстой. Тэгэх юм бол хоёр жилийн дараа л бүгд босоод ирнэ. 

Нэг жишээ хэлье. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдмэл цогцолбор төслийн ажил 2020 онд анх эхэлсэн. Тухайн үедээ төсөвт өртөг нь 94 тэрбум төгрөг байсан. Одоо дуусах болсон чинь нийт төсөвт өртөг нь 154 тэрбум төгрөг болсон байна. 60 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. 

Угтаа бол энэ шинжлэх ухааны байгууллагууд их сургуулиуд дээрээ суурьлаад явах ёстой. Өөрсдөө шинжлэх ухааны нээлт хийгээд тэрийгээ бизнесийн байгууллага, төрд зараад санхүүждэг байх ёстой. Энэ эдийн засаг гэдэг юм улс төрөөсөө хол байх ёстой ч холилдчихоод байгаа. 

-Гаднын зээл тусламжаар санхүүжих ажлууд дээр юу хэлэх вэ? 

-Зөвхөн гаднын зээл тусламжийн 2.6 их наяд төгрөгөөр 250-260 орчим төсөл хэрэгжих гэж байх шиг байна. Энэ дүнгийн 85 орчим хувийг нь зээл эзэлж байгаа. Уул шугамандаа, бизнесийн орчин нь аятайхан байсан бол энэ төслүүдээ бизнесийн зээлээр хэрэгжүүлэх боломжтой шүү дээ. Заавал улсын төсөв, зээлээр санхүүжүүлэх шаардлагагүй л гэж хараад байгаа. Энэ төслүүд дунд ДЦС-аас эхлээд янз бүрийн л төсөл байна. Уг нь ДЦС-ыг бизнесийн зарчмаар нь ажиллуулвал хамаагүй үр дүнтэй. 

-Таны ярианаас улс өөртөө хэт ачаалал авалгүй, хувийн хэвшилд үлдээх ажлыг нь үлдээх хэрэгтэй гэсэн санаа хэллээ гэж ойлголоо?

-Ер нь бол хамгийн эхний шийдэл нь хувийн хэвшилд шилжүүлэх ёстой юм. Нөгөө талаас иргэд сонгогчид маань хүлээлтээ өөрчлөөсэй. "Бүтээн байгуулалт хийгээд, ийм, тийм барилга  барьсан" гэж яриад яваа улс төрийн намуудад шүүмжлэлтэй ханддаг болчихмоор юм байна лээ.  
Тэгж байж төсвийн гүйцэтгэл, зарцуулалт зохион байгуулалтын ажлууд дээр нь анхаарлаа хандуулна, алдаа дутагдлыг нь харна, санал шүүмжлэл хэлнэ. Иргэн тийм болбол төр засаг сахилга баттай болж, хэмнэх тухай ярьж эхэлнэ. Өнөөдөр нэг ч улстөрч хэмнэх тухай ярихгүй байна. Харин улс төр ярьж байгаа бүх хүмүүсийн хандлага нь эсрэгээрээ байна. "Наадах чинь жаахан мөнгө шүү дээ" гэж ярьдаг болчихсон.  

-Жил бүрийн төсөв алдагдалтай батлагддаг. Танаас Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд асууя, үр ашиггүй зарлагууд хэр хэмжээнд байна вэ? 

-Улсын төсвийн ихэнхийг цалин, хөрөнгийн зардал эзэлж байгаа. Төсвөөс санхүүждэг бүх байгууллагуудын орон тоо нэмэгдээд байдаг учраас цалингийн зардал, хөрөнгийн зардал тасралтгүй өсч байдаг. 2025 онд дахиад л өснө. Яагаад гэвэл төр дахиад сургууль, цэцэрлэг барьж байгаа. Мэдээж боловсролын асуудал чухал. Дагаад ажиллах хүч, цалин, хөрөнгийн зардал нэмэгдэх асуудал яригдаж байгаа. Тэгэхээр бид яах ёстой вэ гэвэл, газар нутгийн зохион байгуулалтаасаа эхлээд л ярих ёстой. 
Он дамжаад явж байгаа төслүүдийн ихэнх нь сургууль, цэцэрлэг. Тэгвэл энэ цэцэрлэг, сургуулийн хэвийн ажиллагааг хэрхэн хангах вэ, хэдэн багш, ажилчид бэлтгэгдэж байгаа вэ гэдэг асуудлаар асуулга тавьсан байгаа. Барилга барихыг л ажил хийж байна гэж ойлгож болохгүй. 
Миний хувьд, төсвийн үрэлгэн байдлыг танах, хэмнэх талд байнга байр сууриа илэрхийлж байна. 

-Төр хувийн хэвшлийг дэмжих бодлого баримтална. Татварын таатай нөхцөл бүрдүүлнэ гээд ярьдаг ч бодит байдал дээр хэрэгждэггүй. Энэ байдал төсөв дээр ажиглагдаж байна уу?

-Байна. Хамгийн ойрын жишээ яръя. Төсвийн тодотголын үеэр ямар тохиолдолд хувийн хэвшлийг дэмжих вэ гэдэг асуудал яригдаад, "Төрийн өмчит болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага нийгэмд чиглэсэн хандив, тусламж, үйл ажиллагаа зохион байгуулсан тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлье" гэдэг санал орж ирсэн. Гэтэл Ажлын хэсэг дээр ч, чуулган дээр ч "Хувийн хэвшил" гэдгийг нь хасаж "Зөвхөн төрийн өмчит эмнэлэг, сувилалд хөнгөлөлт үзүүлнэ" гээд оруулчихаж байгаа юм. Ийм тохиолдолд хувийн эмнэлгүүд яаж төрийн өмчид эмнэлгүүдтэйгээ өрсөлдөж, үйлчилгээ үзүүлэх юм бэ? 

-Та түрүүнд "Төсвийн үрэлгэн байдлыг танах, хэмнэх талд байнга байр сууриа илэрхийлж байна" гэлээ. Үр дүн гарч байна уу? 

-Төсвөөс танах боломж их бий. Гэхдээ нэгэнт боогоод оруулаад ирж байгаа улсын төсөвт бараг өөрчлөлт ордоггүй юм байна. Бас манай Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний дийлэнхийг МАН-ын гишүүд бүрдүүлж байгаа. Тэгэхээр нөгөө л олонхийн зарчмаараа саналаа хураагаад явчихдаг асуудал байдаг. Тэгэхээр цаашдаа төсөв хэлэлцэх процесст анхаарал хандуулж, өөрчлөх ёстой юм байна гэж харсан. Уг нь соёлын төвөөс илүү агуулах баригдвал илүү хэрэгтэй байгаа юм. Тийм ч учраас иргэдийг мэдлэг, мэдээллээр хангах нь маш чухал юм байна лээ. 

-Ярилцсанд баярлалаа



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.211
    8 цагийн өмнө

    Ийм үзэл бодолтой гишүүнтэй болсонд ёстой үнэнээсээ талархаж байнаа!!! Манай Ерөнхий сайд үүнийг нь ойлгоод хүлээж авах байгаа…?!

    Хариулах
  • 202.21.104.2
    12 цагийн өмнө

    Сонгогчийн боловсрол сайжрахыг эрх баригчид дэмждэггүй бололтой. Иргэд асуудалд голтой ханддаг болчихвол.

    Хариулах
  • 59.153.112.197
    16 цагийн өмнө

    Зөв зүйл ярьж байна. Ажил хэрэг болгоосой

    Хариулах
  • 202.126.91.151
    18 цагийн өмнө

    Маш сайн үзэл бодолтой,зөв санаа агуулгатай юм ярьж байна. Дэмжиж байна

    Хариулах