-Пафф Дидди, Жеффри Эпштейний үйлчлүүлэгчдийн жагсаалт, Ж.Кеннедийн хэрэг орж байна-
АНУ-ын сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трамп ХМТ-ны даргаар томилохоор нэрийг нь дэвшүүлээд байгаа Кэш Патель хэрвээ уг албан тушаалд очвол олон нийтийн анхаарлыг татсан дуулиант хэргүүдийн материалыг ил болгоно гэж мэдэгджээ.
Түүнийг Холбооны мөрдөх товчооны даргад нэр дэвшүүлсний дараа Жон Болтон зэрэг тус албаны нөлөө бүхий хүмүүс зан байдлаар нь гоочилж, Сенатын гишүүдэд хандан, дэмжихгүй байхыг уриалсан. Хариуд нь Кэш Патель олон нийтийн дэмжлэгийг авах үүднээс дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Тэрбээр Бенни Жонсоны подкастад өчигдөр өгсөн ярилцлагадаа “Тэд айж байна. Пафф Даддигийн жагсаалтыг, Жеффри Эпштейний жагсаалтыг илчлэх вий гэж айж байна. Жеффри Эпштейний хэрэг ХМТ-ны даргын шууд хяналтад байдаг. Билл Гейтс энэ хэргийн холбогдогчдыг ил гаргуулахгүйн тулд Конгрессийг лоббидож байсан. Жагсаалтад чухам хэний нэр байгаа болоод тэр ил гаргахаас айсан хэрэг вэ” гэж К.Патель хэлжээ.
Жеффри Эпштейн гэдэг нь АНУ-ын санхүүч бөгөөд насанд хүрээгүй охидын биеийг дээдсийн хүрээллийнхэнд үнэлүүлдэг байсан зартай гэмт хэрэгтэн бөгөөд 14 настай охиныг хүчирхийлсэн хэргээр хоригдож байсан. Сүүлд хэрггийнх нь хүрээ томорч, 16 нас хүрээгүй 36 охиныг 50,000-1 сая ам.долларын төлбөртэйгөөр худалдаж байсан гэх хэрэг ил болсны дараа урт хугацааны ял авч, эдэлж байх үедээ 2019 онд шоронд учир битүүлгээр нас барсан байдаг.
Мөнгөн дүнгээс харахад, үйлчлүүлэгчид бүгд дээд зиндааных гэдэг нь тодорхой бөгөөд энэ хэрэг ил гарвал АНУ-ын нийгэмд бөмбөг тэсэлсэнтэй ижил үр дүн авчрах нь тодорхой юм.
Пафф Диддигийн хэрэг ч мөн ижил, яг одоо олон нийтийн анхааралд байгаа хэрэг бөгөөд Эпштейнийхээс ялгаатай нь хохирогчид, оролцогчид нь урлаг соёлын алдартнууд байх магадлалтай. Кэш Патель мөн 1963 онд Даллас хотноо бусдад алагдсан Жон Кеннедийн хэргийн материалыг олон нийтэд ил болгоно гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.104
Гаднаа гяланцаг дотроо паланцаг
Хариулах202.9.46.104
Яасан ч хамаагүй ярьдаг юм билээ дээ, зайлуул, юу гэж үүнийг гаргах вэ дээ
Хариулах