Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Х.Нямбаатар: "2040 он гэхэд 2,1 сая орчим хүн амтай хотыг хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, аюулгүй, хот болгохоор төлөвлөсөн. Энэ удаагийн төлөвлөгөө дээр олон улсад баримталдаг хэд хэдэн орон зайн аргачлалуудыг ашиглаж байгаа.
Тухайлбал Улаанбаатар хотод өмнө нь өндрийн бүсчлэл ерөөсөө байгаагүй. Энэ удаад өндрийн бүсчлэлийг гаргаж ирж байгаа. Тухайн барилга байгууламжид ноогдох ногоон байгууламж болон, авто зогсоол харьцааг аргачлалаар оруулж ирнэ.
Бид нар өнөөдөр эрчим хүчний дулаан хангамжийнхаа гол эх үүсвэрүүдийг бий болгож байж, инженерийн шугам сүлжээгээ өргөтгөж байж агаар орчны бохирдлоос сална. Үүнээс гадна авто замын түгжрэл гэдэг том асуудлаа шийдэхийн тулд давхар орон зайн төлөвлөлтүүдээ шинээр хийх хэрэгтэй.
Цаашлаад нийтийн тээврээ хөгжүүлэх гэх мэтчилэн ийм зарчмуудыг тусгасан. Өнөөдрийн бид нарын дэд бүтцийн хомсдолтой байдлаас шалтгаалаад, дулааны шугам сүлжээ байгаа газар руугаа авлигаар газар олгож барилгажсаны үр дүнд бага тойруу их тойруу дотроо хамаг төлөвлөлтүүд хийгдчихсэн. Үүнийгээ задлахын тулд тархмал эх үүсвэрүүдээ шинээр бий болгох, төвлөрсөн хангамжийнхаа эх үүсвэрийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний зарим эх үүсвэрүүдийг зарим дагуул хот дээрээ дагнан бий болгох гэсэн агуулгаар дэд бүтцийнхээ асуудлыг шийднэ.
Гол асуудал нь 240,2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдана. үүний 50 хувь буюу 120 их наядыг улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдье гэж үзсэн. Энэ мөнгө зөвхөн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, замын байгууламж, шугам сүлжээнүүдэд зарцуулагдана" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна