Жүжигчин, бүжигчин, влоггер, цахим сүлжээний “од” Б.Отгонжаргалтай уулзаж, ярилцлаа.
- Та цахим сүлжээнд их идэвхтэй байдаг шүү дээ. Харин амьдрал дээрээ хэр нээлттэй хүн бэ?
-Намайг Б.Отгонжаргал гэдэг. Одоо 25 настай. Тик ток, инстаграмд рийл бичлэг хийдэг залуу байна.
Би багадаа их даруухан, үг дуу цөөнтэй хүүхэд байсан. Тэр ч утгаараа танилцсан бүх хүмүүстэйгээ нээлттэй байх нь ховор байв. Харин долгион нийлсэн, зөв хандлагатай хүмүүстэй бол өөрийн мэдэлгүй л нээлттэй, чөлөөтэй байж чаддаг.
- Сүүлийн үед кино уран бүтээлд хүч сорьж байна. Дэлгэцийн уран бүтээлд ажиллах ямар байна?
-Кинонд тоглоно гэдэг бол амархан зүйл гэж бодож ерөөсөө болохгүй гэдгийг өөрөө оролцож байж л ойлгосон. Хамгийн анх "Гадны нөлөөгүй" гэдэг кинонд тоглохдоо найруулагч Д.Галбаяр ахад загнуулж, маш их айж байлаа. Дэлгэцийн уран бүтээл хүнийг маш их татдаг гайхалтай урлаг гэдгийг нойр хоолгүй олон хоног зүтгэж байгаа кино багийн нэг хэсэг болж үзсэний дараа л биеэрээ мэдэрсэн. Дахиад уран бүтээлийн санал ирвэл хичээнгүйлэн ажиллах болно оо.
-Уншигчид хамгийн их сонирхох байх. Зочин маань найз охинтой юу?
-Надад одоо шархалсан сэтгэл минь л байна /инээв/. Би оны өмнөхөн салсан. Ганц бие болоод удаагүй байгаа.
-Б.Отгонжаргалд ямар эмэгтэй таалагддаг вэ?
-Сонирхолтой асуулт байна. Би анх үерхэж үзээгүй байхдаа намхан, шар арьстай, нийтэч гээд л өөртөө таалагдах стандарт тогтоодог байсан. Одоо бол олон төрлийн хүнтэй танилцаж, нийгмийн харилцаанд орсны дараа тэр стандарт байхгүй болдог юм байна. Нас биед хүрэхийн хирээр хүний дотоод мөн чанарт нь татагдаж дурладаг болсон.
-Хосын харилцааг сүйтгэдэг зүйл бол хардалт гэдэг шүү дээ. Та хэр хартай вэ?
-Энэ тал дээр би их эмзэг байдаг л даа. Миний хувьд анх үерхсэн хүнээсээ маш том сэтгэлийн шархтай салсан болохоор ч тэр үү, тэрнээсээ болоод өөрийн мэдэлгүй хажуудах хүнээ харддаг үе байсан. Одоо бол хэтрүүлчихгүй гэж их болгоомжилдог болсон.
-Уран бүтээлчид мэдрэмж өндөртэй хүмүүс байдаг. Харин та өөрийгөө хэр мэдрэмжтэй гэж боддог вэ?
-Би өөрийгөө аливаа зүйлд мэдрэмжтэй, бас эвсэлтэй гэж боддог. Харин хосын болон нухацтай хандах харилцаан дээр яахаа мэдэхгүй үе байдаг л юм.
-Хэзээ ч мартдаггүй, хийж байсан галзуу үйлдэл чинь юу байсан бэ?
-Би чинь нас биед хүрсэн хүн. Хааяа нэг найзуудтайгаа гадуур гарч, стрессээ тайлна. Нэг удаа удаан уулзаагүй найзтайгаа уулзахдаа сэтгэл их хөдлөж, заал дүүрэн хүний хажууд чанга ярьж, инээгээд л байсан. Энэ л миний хувьд хийж байсан хамгийн галзуу үйлдэл юм даа.
-Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?
-Би аливаа нэг ажил эхлүүлэхээрээ бүх сэтгэл зүрхээ гаргаж ажилладаг хүн л дээ. Тэр ч утгаараа бүх хүн ажиллаж байхад зүгээр суудаг хэсэг бүлэг хүмүүст үнэхээр дургүй. Тийм болохоор өөрийнхөө хүрээллийг зөв, эерэг хүмүүсээр бүрдүүлэхийг хичээдэг. Амьдралдаа баримталдаг зарчим маань хүрээллээ зөв сонгох ч гэж хэлж болно.
-Цахим сүлжээнд таны тухай худал мэдээлэл гарч байсан уу. Гарсан бол та хэрхэн хүлээн авч байсан бэ?
-Гарч байсан. Миний тухай худлаа мэдээлэл маш их байдаг. Бүр хүүхэдтэй гэсэн цуу яриа ч гарч байсан шүү. Эхэндээ их ач холбогдол өгдөг байсан ч сүүлдээ тоохгүй байх нь илүү амар санагддаг болсон.
-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсан танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
-Нээлттэй сайхан ярилцлаа. Зөв.мн сайтын уншигч, үзэгчдэд, намайг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна