ЦЕГ: Цахим мөрийтэй тоглоомыг сурталчлах, зохион байгуулах, дансаа ашиглуулах дэмжих зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл

Х.Есү
7 цаг 50 минутын өмнө

1хbet нь платформыг 1 сард 5 саяас дээш хэрэглэгч идэвхтэй ашигладаг гэсэн судалгаа гарсан. Цагдаагийн байгууллагаас Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран 1xbet аппликэйшнийг татах эрхийг “APPSTORE” болон “PLAYSTORE”-оос Монгол Улсаас татах эрхийг хязгаарлаж ажилласан.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад Үндэсний статистикийн судалгаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртэгдэж, 2024 онд дээрх гэмт хэргийн улмаас нийт  417,02 тэрбум төгрөгний хохирол учирсан. Насны бүлгээр авч үзвэл 18-29 насны хүмүүс 9,2 %, 30-39 насны хүмүүс 47,7% эзэлж байна.

Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан мэдээллээр Монгол улсаас 1,7 их наяд төгрөг буюу 500 сая америк доллар гадаад улсад шилжсэн нь улсын хүн амд хуваахад нэг хүний 485,000 төгрөг орчим ноогдохоор үзүүлэлт гарсан.

Монгол Улсын Их Хурал Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох зарим хуульд  нэмэлт өөрчлөлтүүд орж энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Тухайлбал Эрүүгийн хуулийн 20.18, 20.19 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн  6, 7 дахь хэсгийг нэмсэн.

Эрүүгийн хуулийн 20.18 дугаар зүйл. Төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах

            1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн хуулийн 20.19. дүгээр зүйл. Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

1.Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 6, 7 дахь хэсэгт нэмж оруулсан байна.  

“6.Төлбөрт таавар, эсхүл  бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгж, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Төлбөрт таавар, эсхүл  бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, эсхүл цахим сүлжээ ашиглаж сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгж, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Цахим мөрийтэй болон бооцоот тоглоом тоглож мөнгөө алдсан иргэд орон байраа барьцаалах, ойр дотны хүнээс мөнгө зээлэх зэргээр өрийн дарамтанд орж, улмаар сэтгэл санаагаар унах,  донтох, стрес дэх, гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх, хувийн мэдээллээ алдах, цаашлаад амиа хорлох хүртэл хор уршиг дагуулж байна.

Иймд Цахим мөрийтэй тоглоомыг сурталчлах, зохион байгуулах, зуучлах, дансаа ашиглуулах дэмжих зэрэг аливаа хэлбэр хууль зөрчсөн үйлдэл болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

 

 

 

 

 

 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.85
    6 цагийн өмнө

    Телевизийн сувгуудаар хонжворт сугалаа явагдаж байна. Үүнийг хориглооч.

    Хариулах