Х.Нямбаатар байр сууриа бататгаж, Э.Бат-Амгалан "ухрав"

Т.Отгонсувд
1 цаг 11 минутын өмнө

Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан оны эхнээс л "Би хотыг удирдмаар байна, надад өгчих" хэмээн хотын дарга Х.Нямбаатарт агсам тавьсан гэх яриа улс төрийн хүрээнд яригдах болсон билээ. Удаа ч үгүй Х.Нямбаатар, Э.Бат-Амгалан нарын зөрчил ил цагаандаа гарч, хэвлэлээр хэрэлдээд хэдэн сар болсон байдаг. 

Тэдний маргаан, зөрчлөөс үүдэлтэйгээр Нийслэлийн МАН-ын хорооны ээлжит хурлаар даргын асуудал яригдах эсэх хүлээлт нийгэмд бий болоод байлаа. Ямар сайндаа л Х.Нямбаатар чаддаг юм бол хуралдаа ирээд надтай өрсөлдөөрэй хэмээн дуэлд дуудаж байхав. 

Яг хэдийд болох нь тодорхойгүй байсан Нийслэлийн МАН-ын хорооны хурлын тов ердөө ганц хоногийн өмнө зарлагдаж, өчигдөр хуралдлаа.

Хурлаар, 

1. Нийслэлийн МАН-ын дэд даргыг сонгох 

2. Орон тоо гарсан төлөөллүүдийг дахин сонгох асуудлыг хэлэлцсэн.  

Хурлын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшиж, чөлөөлөх асуудлыг нээлттэй оруулж ирж байгаа. Зарим дэд дарга нар, тэргүүлэгчдийг чөлөөлнө. Надтай өрсөлдөх хүн гарч ирвэл нээлттэй, үгүй бол би ажлаа үргэлжлүүлээд хийнэ. Эрх мэдлийн төлөө улайрч буй зарим хүмүүс ирээд надтай өрсөлд. Э.Бат-Амгалан надад хотын дарга хийх туршлага байна гэж ярьж байсан нээлттэй шүү" гээд шулуухан хэлчихээд оров.

Гэвч Нийслэлийн МАН-ын даргад "өрсөлдөх" Э.Бат-Амгалан сайд хуралдаа үзэгдсэнгүй. Харин төрийн ордонд "Х.Нямбаатартай муудалцаад байсан юм байхгүй. Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихгүй" хэмээн хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн нь гэнэтийн байлаа. Уг нь Э.Бат-Амгаланг хурал дээрээ ирээд ил тод Х.Нямбаатартай өрсөлдөнө гэж харж байв.

Өнгөрсөн хугацаанд түүний хувьд хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн ажил руу идэвхтэй ил далд үйлдүүд хийж байсан нь нууц биш.

Эндээс Э.Бат-Амгалан саналын тоогоор Х.Нямбаатарыг барахгүйгээ мэдсэн, эсвэл эвлэрсэн үү гэх таамаг зүй ёсоор гарах юм.

Нөгөө талд хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хурлаа зарласан нь одоогоор нийслэлд өрсөлдөгчгүй гэдгээ бататган зарим хардлага, маргаануудад цэг тавихыг хүссэн бололтой. 

Нийслэлийн МАН-ын хорооны гишүүд ч "Нийслэлийн бүтээн байгуулалтуудыг зогсоох нь буруу. Хотын дарга нийслэлийн угжирсан асуудлуудыг шийдэж чадаж байгаа. Сайн ажиллаж байна. Түүнийг солих талаар бодол толгойд ч буухгүй байна" зэргээр дуу нэгтэй эерэг үнэлэлтүүдийг хэлж буй нь Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хороогоо зангидаж чадсаныг харуулж байлаа.

Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар М.Говьсайханыг Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээр сонгосон. Өмнө нь энэ албыг хашиж байсан Н.Учралыг намын даргаар сонгосон тул М.Говьсайханыг ийнхүү сонгосон байна.

М.Говьсайхан нь Н.Учралын хамгийн ойрын хүн гэгддэг бөгөөд улс төрийн замнал нь үргэлж ойр байж ирсэн нэгэн юм. Н.Учралыг МАН-ын дарга болоход Сүхбаатар дүүргийн МАН-ын даргын ажлыг нь залгамжилж авсан тэрбээр Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчийн ажлыг нь мөн авч байна.

Ерөнхий сайд болоод МАН-ын дарга Н.Учрал болон Хотын дарга Х.Нямбаатар нарын түнжин муудаж, Туулын хурдны замыг зогсоосон мөн Хотын даргыг ажлаас нь чөлөөлөхөөр зэхэж буй гэх бор шувуу нисэх болсон. Энэ нь ч үнэний ортой байсныг Н.Учралын өнөөдөр задарсан чатаас нь харж болох юм.

Товчхондоо, МАН дахь хагарал, эрх мэдлийн төлөөх зодоон дуусаагүй. Харин аль хэсэгтээ явааг ирэх саруудад үргэлжлэх улстөрийн үйл явц харуулна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна