Х.Жангабыл: ОХУ-тай хэлэлцээр хийгээгүй байсан бол дизель түлш 6700 төгрөгт хүрч, эдийн засаг хүндрэх байсан

С.Гандэлгэр
1 цаг 47 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Жангабылтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

- Ойрхи дорнодын хямралаас үүдэлтэй шатахууны хомстол дэлхий дахинд тулгарч байна. Энэ эгзэгтэй үед ОХУ болон Казакстанд айлчилсан айлчлалын баг чухал гэрээнүүд үзэглэсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөөч ?

-Энэ салбарыг судалдаг хүний хувьд дэлхий дахин газрын тосны бүтээгдэхүүний тухайд асар хүнд байгаа. Ялангуяа азийн орнууд маш хүнд нөхцөлд байгаа. Урьд нь манай улс ОХУ-аас бараг 90-95 хувиийг, БНХАУ-аас 5-10 хувийг авдаг байсан бол Ойрхи Дорнодтой холбоотой асуудлаар БНХАУ хориг тавьснаар 100 хувь ОХУ-аас дотоодын хэрэгцээгээ хангахаас өөр аргагүй болсон байгаа. 

Өнгөрсөн гуравдугаар сард дизель түлшний хил үнэ хоёр дахин нэмэгдэж асар үнэтэй болсон. Манай улс Сингапурын биржийн үнийг удирдлага болгон тогтоодог. Дэлхий тайван байгаа үед хамгийн хямдхан нь Сингапурын биржийн үнэ байсан. Одоо бол эсрэгээрээ энэ биржийн үнэ дэлхийд хамгийн үнэтэй болчихсон байна. 

Тэгвэл сая юу болсон бэ гэхээр манай АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-д айлчилсан тэр үеэр ОХУ-ын дотоодын биржийн үнээр авахаар тохиролцсон байна. Энэ үнээр нь бид он дуустал дизель авахаар тохирсон. Тэр биржийн үнээс НӨАТ, онцгой татвар нь хасагдана. Нэмээд ОХУ-аас дотоодын үйлдвэрүүддээ татаас өгдөг энэ бүхнийг оролцуулаад ирэх таван сард 1205 ам.долларын хил үнэтэй байна гэж тооцож байгаа. 

- Тэгэхээр яг иргэдэд очих шатахууны үнэ хэд байна гэсэн үг вэ ? 

-Одоо байгаа үнээсээ нэмэгдэхгүй гэсэн үг. Саяны гэрээ байгуулагдахаас өмнөх гэрээгээр буюу Сингапурын гэрээний үнээр авсан тохиолдолд нэг литр дизель түлшийг 6700 төгрөгөөр авахаар байсан. Литр тутамд 2000 төгрөгийн хөнгөлөлттэйгөөр авна. Салбарын яамны тооцоолж байгаагаар ард түмний халааснаас гарах 1.8 их наяд төгрөгийг хэмнэнэ гэсэн тооцоо гаргасан.

Манай газрын тосны бүтээгдэхүүний 70 хувь нь дизель түлш байдаг. Үүнийг бид уул уурхай, бүтээн байгуулалт, үйлдвэрийн үйл ажиллагаандаа хэрэглэдэг. Дизель түлшний үнийг барихгүй бол бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, дотоодын эдийн засагт асар их хор хөнөөл үзүүлэх учраас чухал хэлэлцээр байлаа. 

Энгийн АИ-92 шатахууны хувьд бол сар бүр Роснефт компаниас 60 мянган тонныг авах урт хугацааны гэрээтэй байгаа. Тэгэхээр АИ-92 шатахууны үнэ бол одоохондоо нэмэгдэхгүй. Дизель түлш бол одоо байгаа үнийг он гартал барихаар болсон гэсэн үг. 

- Ерөнхийлөгчийн Казакстанд айлчилсан айлчлалын багт та багтсан байна лээ. Мөн л газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой шийдвэр гарах шиг болсон ?

-Казакстаны Эрчим хүчний сайдтай манай тал уулзаж, Газрын тосны үйлдвэр баригдсаны дараах түүхий эдийн асуудлыг хэлэлцсэн. Казакстан улсын талаас манайд шаардлагатай байгаа нэг сая тонн нефтийг манайд нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Одоо манайх тээврийн асуудлаа шийдэх хэрэгтэй. БНХАУ эсхүл ОХУ-аар дамжиж байж нефтээ импортолж авах учраас тээврийн асуудлыг Засгийн газар шийдвэр гаргах шаардлагатай гэж харж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна