ТОДРУУЛГА: Шинэ систем рүү 95 мянган автобусны картын дугаар шилжүүлсэн учраас маргаашаас асуудал хэвийн болно

Х.Есү
1 цаг 55 минутын өмнө

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг. Тэгвэл 2026 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлж эхэлсэн.

Үүнтэй холбогдуулан олон асуудал гарч байгаа талаар иргэд манай сайтын редакцид хандсан юм. Учир нь уншигч төхөөрөмжид картаа уншуулахаар үлдэгдэл хүрэлцэхгүй байна, мөн аливаа нэг аппликейшнээр картаа цэнэглэхээр цэнэглэлт нь орохгүй байна гэх мэт олон шалтгаануудыг хэлж байна. Энэ талаар бид Улаанбаатар смарт карт ХХК-ийн Бизнес хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Гэрэлт-Одоос тодрууллаа.

-Иргэд автобусны картаа цэнэглэхээр мөнгө нь орохгүй, мөн картанд нь мөнгө байгаа мөртлөө үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэх шалтгаануудыг хэлж байна. Та үүн дээр тайлбар өгөөч?

-Өөр төхөөрөмжид шилжсэнтэй холбогдуулан зарим нэг алдаа дутагдал гарсан. Өчигдөр манайхаас 95 мянган картын дугаарыг шилжүүлсэн. Тиймээс маргаашаас энэ асуудал хэвийн болно.

Мөн 1000 төгрөг төлөөд 3 удаа дамжин суух, тухайн өдрөө 4 удаа зорчилт хийх боломж хэвээрээ байгаа.

-Картаа алга болгосон, гэмтээсэн иргэд үлдэгдэл мөнгөө шинэ карт руугаа шилжүүлэх боломжтой юу?

-Иргэд картаа хаяж гээсэн болон гэмтээж дахин ашиглах боломжгүй болсон тохиолдолд шинээр худалдан авсан карт руугаа үлдэгдэл мөнгөө шилжүүлэх боломжтой. Ингэхдээ заавал хэрэглэгчийн төв дээр очиж шилжүүлнэ” гэлээ.

Улаанбаатар смарт карт ХХК-с “Системийн шинэчлэлтэй холбоотойгоор Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкуудтай хамтарсан картын үйлчилгээнд өөрчлөлт орж байна.

Тодруулбал, өмнө нь эдгээр картуудаар 1 зорчилт + 3 удаа дамжин суух боломжтой байсан бол 2026 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн уг хөнгөлөлт хязгаарлагдаж, цаашид бусад банкны карттай адил нэг удаагийн зорчилт нь 1000₮ болохыг мэдэгдье” гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.88
    33 минутын өмнө

    нэг удаагийн зорчилт 1000 юм бол дамжих болхооор яах вэ дандаа жонхуурсан ард иргэдийг чирэгдүүлсэн шулсан мөлжсөн шийдвэр гаргаж байх юм

    Хариулах