ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ

Х.Есү
48 минутын өмнө

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон ТОП-100 аж ахуйн нэгжийг жил бүр тодруулан өргөмжилдөг уламжлалын дагуу Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас 2025 оны шилдэг ААН-үүдийг жагсаан эрэмбэлж, өнөөдөр олон нийтэд зарлалаа.

Үндэсний тэргүүлэгч банк ХААН Банк энэхүү нэр хүндтэй шалгаруулалтыг зарласнаас хойш 20 гаруй жилийн турш ТОП-уудын эгнээнд тогтмол нэрлэгдэж ирсэн бөгөөд түүхт 35 жилийн ой тохиож буй энэ онд амжилтаа улам бататган "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдээд байна.

ХААН Банк системийн тэргүүлэгч банкны хувьд Монгол орон даяар 3 сая харилцагч, үндэсний баялаг бүтээгчдэд санхүүгийн цогц үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэж, харилцагчидтайгаа хамтдаа өсөж хөгжихийг эрхэм зорилгоо болгон ажилладаг билээ.

ХААН Банкны хувьд 2025 он үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын зах зээлд итгэл, нэр хүндээ бататгасан, харилцагчидтайгаа хамтдаа өссөн, ололт амжилт дүүрэн жил байв. 2025 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар банкны нийт актив 23.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 17.9 хувиар өссөнөөр банкны системийн нийт активын 31.1 хувийг дангаар бүрдүүлж, 694.8 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан бол зээлийн багц 14.4 их наяд, татан төвлөрүүлсэн хөрөнгө 20.8 их наяд төгрөгт хүрч, салбартаа тэргүүлэх байр сууриа дахин баталгаажуулсан юм.

Тайлант онд 530 сая ам.долларын урт хугацаат эх үүсвэрийг олон улсын болон дотоодын зах зээлээс татан төвлөрүүлсний зэрэгцээ Монголын хөрөнгийн зах зээлд анхдагч Жендэр бондыг амжилттай гаргаж ногоон болон нийгмийн хариуцлага руу чиглэсэн санхүүжилтийг бодитоор тэлсэн юм. Мөн Лондонгийн хөрөнгийн биржийн FTSE Russell индекст багтсан Монголын анхны компани болсноор олон улсын хөрөнгийн зах зээлд нэр хүндээ таниулсан юм.

Өнөөдөр ХААН Банкаар дамжиж буй нийт гүйлгээний 99.6 хувь нь онлайнаар хийгдэж, хэрэглээний зээлийн 88 хувийг цахимаар олгож байна. Мөн хиймэл оюунд суурилсан Business AI туслах, Khan Business аппликэйшн зэрэг шинэ үйлчилгээг нэвтрүүлж, Монгол Улсад анхны TIER 3 түвшний дата төвөө нээснээр банкны үйл ажиллагааны найдвартай байдал, дижитал суурийг олон улсын түвшинд хүргээд байна.

"ТОП-100 аж ахуйн нэгж"-ийг шалгаруулахдаа ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг төдийгүй харьяа яам, холбогдох төр засгийн байгууллагын статистик мэдээлэлд үндэслэдэг. ХААН Банк эдгээр шалгуур үзүүлэлтийг ханган салбартаа төдийгүй нийт хувийн хэвшлийн байгууллагуудын тэргүүн эгнээнд ийнхүү жагсаж буй нь банкны нэр хүнд, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ харилцагчидтайгаа тогтвортой, үр шимтэй өсөлтийг хамтдаа бүтээж ирсний илрэл билээ.

ХААН Банк үндэсний тэргүүлэгч банкны хувьд нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах олон төсөл хөтөлбөрийг ХААН Банк сангаараа дамжуулан тогтмол хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Хавдрын эсрэг үндэсний аян, Цусны даралт ихсэлтийн эсрэг аян, мөн ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр, Rise шинэ оюутны хөтөлбөр, ХААН Банкны ой хөтөлбөрийг дурдаж болно. 2025 онд алслагдсан бүс нутгийн хүүхэд багачуудад суралцах таатай орчин бүрдүүлэх "Багийн бага сургууль" төслийг Боловсроын яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран амжилттай хэрэгжүүлж, 4 аймагт бага сургууль барьж хүлээлгэн өгсөн. Тэгвэл энэ жилийн хувьд нийгэм рүү чиглэсэн ажлуудаа улам өргөжүүлж, 11 төсөл, хөтөлбөрт 32 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь харилцагчид болон нийгэмдээ зориулсан 35 жилийн ойн том бэлэг болж байна.

Мянга мянган хүний мөрөөдлийг бодит болгож, бизнесүүдийг дараагийн шатанд гаргаж, улс орныхоо нийгэм, эдийн засагт нөлөө бүхий банк болтол өсөж дэвшихэд хувь нэмрээ оруулсан, өнөөдрийн нэр хүнд, амжилтыг хамтдаа бүтээсэн нийт харилцагчид, түнш байгууллагууд, хувьцаа эзэмшигчдэдээ талархал дэвшүүлье!

                                                        Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна