Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангах чухал үүрэгтэй шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо.
Цэвэрлэх байгууламж одоогийнхоос хоёр дахин их буюу хоногт 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. 55 барилга, байгууламжаас бүрдэх Төв цэвэрлэх гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангах юм.
Энэ нь жилд 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэнэ гэсэн үг.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт баригдсан Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон албаны бусад хүн оролцлоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа шинэ Төв цэвэрлэх байгууламжийн шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн юм.
Цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын өргөжин тэлэх, орчны бохирдлыг бууруулах нэгэн суурь нөхцөлийг бүрдүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр илэрхийллээ.
Цэвэрлэх байгууламжийн туршилт, тохируулгыг өнгөрсөн оны долоодугаар сараас үе шаттай хийжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн байгуулалтад сэтгэл зүрх, хичээл зүтгэлээ зориулан оролцсон төслийн удирдагчид, хоёр улсын холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийлснийг уламжиллаа.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Засгийн газрынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, бүтээн байгуулалтад оролцсон бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ.
Хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдсэн Төв цэвэрлэх байгууламж нь Хятад, Монгол хоёр улс бие биедээ харилцан тусалдаг болохын нэг илрэл болж байгааг тэмдэглэлээ.
Цэвэрлэх байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэлийг НЗДТГ-ын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулсан. Барилгын гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн хамтарсан консорциум ажиллажээ.
Мөн дотоодын туслан гүйцэтгэгч 17 компанийн 400-650, хятадын 60 гаруй инженер, техникийн ажилтан оролцсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна