Д.Амарбаясгалан: Эцэст нь худал ҮНЭНД ГҮЙЦЭТГЭГДДЭГ гэж энэ

Zuv.mn
1 цаг 52 минутын өмнө

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг "Бор тээг"-ийн ордыг хууль бусаар авах гэсэн хэмээн ажлаа өгөхийг улстөрчид шаардаж, тэрбээр ажлаа өгч байгаад шалгуулахаа мэдэгдсэн билээ. Энэ хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгаж буй гэх мэдээлэл бий. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас "Бор тээг"-ийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, менежментыг нь "Эрдэнэс Тавантолгой" компани хийж байгааг өчигдөр зарлалаа. 

Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан цахим хуудсаараа дамжуулан тайлбар, мэдэгдэл хийснийг хүргэе. Тэрбээр

“ЭТТ” ХК нь “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ. 

“НҮҮРСНИЙ СОНСГОЛ”-ийг хувийн зорилгоор ашиглаж урьдаас зохиолтой “ЖҮЖИГ тавьж, жинхэнэ хулгайчдыг хаацайлж, элдэв схем зурж иргэдийн тархийг угааж, гүжирдэн гүтгэсэн гурван жил! Эцэст нь “Бортээг”-ийн орд газраас шанага шороо хөндөгдөөгүй, хэн нэгний өмчид, тэр дундаа Д.Амарбаясгалан миний өмчид хэзээ ч очиж байгаагүй, “ЭТТ” ХК-ийн эзэмшилд байсаар ирсэн нь ард түмэнд ил боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, гүжирдэн гүтгэгч, улс төрийн хорт могой, хуулийг завхруулагч, төрийн хутгуур Б.Энхбаяр эрх ашигт шунасан хэсэг бүлэг нөхдийнхөө хамт эрх мэдлээ урвуулан ашиглаж, миний нэр хүндэд халдсан увайгүй үйлдэл нь тодорхой боллоо.

Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд байх ахуйдаа “Хардаж байна”, “Болзошгүй”, “Халхавчлан” гэх хоёр салаа үгээр хатган дараах онц ноцтой, гэмт хэргийн шинж чанартай гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан нийтэд түгээсэн. 

1. Д.Амарбаясгалан хамаарал бүхий “Админерал” гэх компаниараа дамжуулан Бортээгийн ордын 40 их наядаар үнэлэгдэх нүүрсийг хулгайлсан. 
2. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох замаар Бортээгийн ордыг хувьдаа завшсан.
3. “Админерал” гэх компанийн Хятад эзний амь насыг санаатайгаар хороосон./НУХЧИХСАН/

Би Монгол Улсад хууль шударга үйлчилдэг гэдэгт итгэдэг. Д.Амарбаясгалан миний бие улс эх орон, ард иргэдийнхээ өмнө хийсэн хэрэг, үйлдсэн гэм байхгүй. Гүжирдсэн гүтгэсэн болгонд цаг тухай бүрд нь олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан баримтаар няцаалт өгсөөр ирсэн. 

Иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн болсны хувьд, эр хүн, айл гэрийн эцэг хүний хувьд, үнэнийг тогтоолгохоор УИХ-ын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч, өнөөдрийг хүртэл хууль шүүхийн байгууллагаар шалгуулж, олон нийт, иргэд сонгогчдынхоо эргэлзээ, элдэв гүтгэлэгт цэг тавих болно. 

Б.Энхбаярт хэлэхэд үүрдийн эрх мэдэл, үрэгдэж барагдахгүй эд баялаг гэж үгүй. Үйлийн үр хаалга АНДУУРДАГГҮЙ! гэсэн байна. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.22
    6 минутын өмнө

    Чи зайлаа. Оюун-Эрдэний хүүхэлдэй болсон Амарбаясгаланаа.

    Хариулах