Анхаарал сулрах болоогүй: "Рио Тинто"-той хийсэн хэлэлцээр үнэхээр ашигтай болсон нь "Онтрэ"-гээс хамаарна

Zuv.mn
1 цаг 21 минутын өмнө

-Эрх баригчид эх орондоо үнэхээр хайртай эсэх нь “Онтрэ” ХХК-тай хэрхэн тохирохоос харагдана-

Монгол Улс, “Рио Тинто” групп Оюутолгой төслийн зээлийн хүү бууруулах, менежментийн төлбөр багасгах гэсэн хоёр чухал асуудлаар тохиролцоонд хүрч чадсан талаар Засгийн газар өчигдөр мэдээлсэн билээ.

Ерөнхий сайд Н.Учралын хэлснээр, хэлэлцээрээс Монгол Улс:

-Зээлийн хүү 10.5 хувь /SOFR+6.5%/ байсныг 2.5 хувиар бууруулж 7.9 хувь /SOFR 4.0%/ болгосон. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж найман их наяд төгрөгөөр нэмэгдэнэ.

-Менежментийн төлбөр 6 байсныг 3 хувь болгосон.

Ингээд ирээдүйд Оюутолгойн баялгаар төлөгдөх байсан 30 орчим их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн гэжээ.

Сангийн сайд байхдаа хэлэлцээрийг эхлүүлж, анхны уулзалтуудад Монголын талын шаардлагуудыг тавьсан УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн хэлснээр, Засгийн газар зээлийн хүүг олон улсын хөрөнгө оруулалтын жишигт нийцүүлж, 4-6 хувиар буулгаж дор хаяж 6.5 /SOFR+2.5/ хувьд хүргэх шаардлага тавьсан юм билээ.

Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн долоо хоногт олон улсын зах зээлээс 6.9 хувийн хүүтэй бонд босгосон. Хэрвээ манайх зээлийн хүүг ядаж Засгийн газрынхаа зээлжих зэрэглэлтэй дүйцүүлсэн бол 6.9 буюу дахин нэг хувиар бууруулах боломж байсан гэсэн үг. Гэхдээ энэ асуудлыг 2030 он хүртэл хаагаад дараагийн буюу “Онтрэ” ХХК-тай хийх хэлцэлд анхаарлаа хандуулъя. Учир нь, “Рио тинто”-той хийсэн зээлийн хүү бууруулах хэлэлцээрийн үр дүн “Онтрэ” ХХК болон тус компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлаар “Рио Тинто”-той ямар тохиролцоонд хүрэхээс хамаарна. Өөрөөр хэлбэл, “Онтрэ”-гийн асуудлыг ашигтай шийдэж байж хэлэлцээр жинхэнээсээ Монголын талд ашигтай болсон гэж дүгнэх боломж бүрдэх юм.

Анхаарал сулрах болоогүй буюу одоо “Онтрэ” дээр төр, ард түмэн нэг байр сууртай эрх ашгаа хамгаалах ёстой  

“Рио Тинто” групп Оюутолгой төслийн талбайд хоёр ашиглалтын лиценз эзэмшдэг “Онтрэ гоулд” ХХК-тай хэлцэлцээр хийж, хувь эзэмшлээ 80/20 хувь байхаар тохирсон билээ.

“Онтрэ гоулд”-ын лицензит талбайд /“Шивээ толгой” буюу Хойд Хюго ордын хойд үзүүр хэсэг, “Жавхлант” буюу Херуга ордын урд сүүл хэсэгт байрлах хэсэг/ нийтдээ 10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190,000 тонн молибдений нөөц бий.

"Онтрэ"-гийн зүгээс энэхүү өөрт ногдох 20-иа 100 хувь гэж үзээд 34 хувийг нь /Лицензит талбайн баялгийн 6.8 хувь/ төрд эзэмшүүлэх саналыг тавьсан. . Энэ бол Монголын Засгийн газар “Онтрэ”-гийн лицензит талбайгаас олборлох нөөцийн 6.8 хувийг (20 хувийг 100 хувь гэж үзвэл 34 хувь нь нийт нөөцийн /Онтрэгийн лицензит талбайн) 6.8 хувь/ буюу 700,000 тонн зэс, 51.6 тонн алт гэх мэтээр эзэмших боломжтой гэсэн үг.  

Өөрөөр хэлбэл, энэ бол УИХ, Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийн халаасанд ороод ирчихсэн, наад захын үр дүн.

Тэгвэл үүнээс илүү ашигтай хувилбараар шийдэх боломжууд Засгийн газрын халаасанд бий. Манай талын байр суурь ядаж л “Онтрэ” дээр 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс тусдаа гэрээ байгуулахаас эхэлнэ. Ингэсэн тохиолдолд Оюутолгойн баялгаас 10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190,000 тонн молибденийг АМНАТ-ийг 5 хувьд түгжсэн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс гаргаж, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа татварын орчноор төлбөр, татвараа авах боломж бүрдэнэ.

742 тонн алт, 10.3 сая тонн зэсэн дээр АМНАТ-ийг үнэ ханшаас хамааран 2-3 дахин нэмэгдүүлж, бүтээгдэхүүн хуваах гэрээ болгож чадвал энэ маш том үр дүн болно. Ингэж чадахгүй бол алдагдсан боломжтийг өчигдөр зарлагдсан үр дүнтэй харьцуулж харж байж хэлэлцээрийн жинхнэ үр ашиг харагдана л гэж байгаа юм. Ингэж санаа зовох шалтгаан байна.

Засгийн газар “Онтрэ”-гийн асуудлаар хэдийнэ “Рио Тинто”-д буулт хийчихсэн үү

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон Оюутолгойн сонсголын үеэр “Оюутолгой” ХХК-ийн анхны монгол захиралааар томилогдоод удаагүй байсан С.Мөнхсүх оролцохдоо “Бидний харж байгаагаар, “Онтрэ”-гийн талбай дахь нөөцийг ашиглах нь аль, аль талуудад ашигтай гэж үзэж байгаа. Яагаад гэвэл “Онтрэ”-гийн талбайд байгаа биетийг Оюутолгойгүйгээр ашиглах өөр арга байхгүй. “Оюутолгой” ХХК хөрөнгө оруулалтаа хийх үүргээ биелүүлсэн, бүх дэд бүтэц, баяжуулах үйлдвэр нь Онтрэгийн талбайг ашиглаад явна гэж төсөөлж байгаа. Өөрөөр хийх юм бол маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана. Хоёрдугаарт, лицензийг “Онтрэ” ХХК-ийнх мөн гэдгийг одоогийн байдлаар хүлээн зөвшөөрч байгаа учраас лицензийг нь аваад үйл ажиллагаа явуулбал хуваалцах ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар нөхөн төлбөр өгөх ёстой. Тэрийг л тохиролцох гэж, гол асуудлуудын нэг нь тэр байгаа юм.

ХОГ зурж байх үед “Оюутолгой” ХХК “Онтрэ” ХХК-ийн лицензит талбайд орлборлолт явуулна гэсэн ойлголттой байсан. Тийм биш бол ийм хэмжээний хөрөнгө оруулалт зарж, сав саалиа бэлдэх шаардлагагүй байсан. “Оюутолгой”, “Онтрэ”-тэй байгуулсан гэрээ бол 2004 оны, Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас таван жилийн өмнөх асуудал.

Энэ гэрээг сайжруулах боломж байсан, сайжруулсан хувилбараа жил хагасын өмнө “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д өгсөн ч одоо болтол хариу өгөөгүй. Тэр гэрээн дээр Монгол талын оролцоог бүрэн тусгаж, өнөөдрийн хэрэгжиж байгаа хууль, эрхзүйн орчинд нийцүүлсэн гэсэн байр сууринаас хандаж байгаа. Тэр гэрээн дээр тусгагдсан үр өгөөжийн хуваарилалтаар харах юм бол Монголын талын өгөөж 59 хувьтай гэсэн тооцоо бий. Татвар хураамжаас гадна лицензит талбайн нөөцийн 80 хувийг 100 хувь гэж үзээд 34 хувийг нь “Эрдэнэс Оюутолгой” компаниар, “Онтрэ” ХХК-д ногдох 20 хувийг 100 хувь гэж үзээд 34 хувийг нь “Онтрэ”-гээр дамжуулж эзэмшсэн тохиолдолд тийм болно” гэж хариуллаа. Б.Баярбаатар гишүүн түүний хариултыг сонсоод “Онтрэ”-г 2009 оны ХОГ-ний хүрээнд авч үзэхгүй, тусдаа гэрээгээр шийдэх ёстой” гэж мэдэгдсэн.

Энэ мэдэгдэл дотор “...лицензийг  “Онтрэ” ХХК-ийнх мөн гэдгийг одоогийн байдлаар хүлээн зөвшөөрч байгаа учраас лицензийг нь аваад үйл ажиллагаа явуулбал хуваалцах ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар нөхөн төлбөр өгөх ёстой. Тэрийг л тохиролцох гэж, гол асуудлуудын нэг нь тэр байгаа юм” гэсэн өгүүлбэр бий. Энэ бол “Рио Тинто” Онтрэгийн асуудлыг эхлээд шийдэж байж, тэр хувилбар хэр ашигтай болсноос хамааран манай Засгийн газартай хийж буй зээлийн хүү бууруулах хэлэлцээрт хандана гэсэн утга бөгөөд эндээс харахад “Онтрэ”-гийн асуудал шийдэгдчихсэн байх магадлал өндөр байгаа юм.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.164
    30 минутын өмнө

    Онтрэ дээр тусгай шэрээг шигээр хийж АМНАТ тогтворжуулахгүй, ТАТВАР, монголын нийтлэг хуулиар, Усны төлбөрийг бүрэн тооцох, хөрсний бохирдлын төлбөр /surface dusty affects/ зэргийг нийтийн жишгээр тогтоож, зээл авах нөхцлүүдийг маш нарийн тогтоох, дагалдах. Үнэь мёталлын дундаж гарцыг тооцох, хэдийнээсмонголын тал ашиг хуваалцах нөхцлүүдийг мэршэжлийн ыагийн оролцоотой шийдэх нь зүйтэйдээ. ОТ ойнөнөөгийн жишгээр гэвэл үгүй гэж хэлж үзээрэйдээ.

    Хариулах