Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын эхний 78 км-ийг ашиглалтад авахаар бэлтгэж байна

Zuv.mn
1 цаг 13 минутын өмнө

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр буюу 2026.08.09-ний өдөр Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн салбар төмөр замын эхний 87 км хэсгийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, төмөр замын доод болон дээд бүтцийн үндсэн ажил дууссаны дараах эцсийн шатны ажлуудад хяналт тавьж, төслийн талбайд ажиллалаа.

Төслийн эхний 87 км зам нь Улаанбаатар хотын Багахангай дүүргээс эхэлж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар баруун тийш чиглэж буй маршрут юм. Энэхүү хэсгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дууссан бөгөөд одоо төмөр замын чанар, нягтрал болон ашиглалтад бэлтгэхтэй холбоотой сүүлийн шатны ажлууд ид үргэлжилж байна.

Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын хайрга чигжих, замын нягтрал болон зарим хэсгийн дэд бүтцийн суурийн ажлын гүйцэтгэлтэй нарийвчлан танилцаж, ажлын чанар, технологийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд газар дээр нь хяналт тавьж ажиллалаа.

Ажлаа дуусгасан компаниуд дараагийн хэсэгт шилжиж байна

Бүтээн байгуулалтад оролцсон дийлэнх компаниуд үндсэн ажлаа дуусгаж, гүйцэтгэлээ хүлээлгэн өгсний дараа холбогдох санхүүжилтээ авч, төслийн дараагийн хэсгийн ажилд шилжин ажиллахаар техник, хүн хүчээ шилжүүлж эхэлсэн байна.

Ингэснээр төслийн эхний 87 км хэсгийн үндсэн бүтээн байгуулалтаас дараагийн шатны ажлууд руу шилжих үйл явц үргэлжилж байгаа бөгөөд Шувуун фабрик, Эмээлт чиглэлд үргэлжилж буй ажлуудыг чанар, стандартын шаардлагын дагуу дуусгаж, төмөр замыг ашиглалтад бэлтгэхэд анхаарч ажиллаж байна.

Ажил удааширсан уулын амны зарим хэсэгт нэмэлт зохион байгуулалт хийж, ажлаа дуусгажээ

Мөн төслийн ажлыг эрчимжүүлэх үүднээс газар зүйн онцлогийн хувьд инженерийн хүнд шийдэлтэй, ажил нь удаашралтай байсан уулын амны нарийн хэсэгт шуурхай зохион байгуулалт хийж, майнинг компанийн техник, хүн хүчийг нэмэлтээр дайчлан ажиллуулжээ. Үүний үр дүнд ердөө хоёр хоногийн дотор тухайн хэсгийн ухмалын ажлыг нөхцөл боломжийг бүрдүүлэн дуусгасан байна.

Төслийн зохион байгуулалтыг ийнхүү сайжруулж, уртасгасан цагаар ажилласнаар Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын эхний 87 км-ийн ажил төлөвлөсөн хугацаандаа дуусаж, төмөр замыг ашиглалтад бэлтгэх сүүлийн шатны ажлуудад төвлөрч байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна