Х.Тэмүүжин: Шийдвэр гаргагчид нь удганы арын өрөөнөөс биш УИХ-ын танхимаасаа ажилламаар байна

Х.Есү
1 цаг 1 минутын өмнө

Улс төрд үүсээд байгаа зарим асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн байр суурийг тодрууллаа. 

Тэрбээр, "Ардын намын хоёр хуваагдсан бүлгийн хоорондын зодоон Засгийн газар дахь кабинет Ерөнхий сайд болон сайд хоорондын толхилцооноос давсан тогтолцооны авлига болон хямрал нүүрлэчихсэн байна. Худал үнэн нь мэдэгдэхгүй зүйлс яг галт уул шиг дэлбэрч байна. Тэгээд буухдаа галт уулын тоос шиг бүх хүний тархийг бохирдуулж байна. 

Одоо төр ажлаа хийх цаг нь болсон байна. МАН зодолдохоороо бөөн гэмт хэрэг зөрчил ярьж сенсацилдаг. Тосоо гартал тэврэлдэж албан тушаалаа наймаалцдаг. Ийм л түүхтэй, Засгийн газруудыг дамжиж явлаа шүү дээ. 

Хууль сахиулах үйл ажилллагааны тусгай хяналтын дэд хороог байгуулж гүйцэтгэх ажиллагаа хууль бус байсан уу, хэн нь үнэн, худал ярьж байна гэдгийг баримтаар нь нягталж үзэх хэрэгтэй. Би эрх баригчдад хохино л гэж хэлнэ. Яахаараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төрийн цэргийн байгууллага болчихдог юм. Гэтэл ёслох дуртай, мөрдсөнд дуртай, цэрэг биш мөртлөө цэрэг болж тоглох дуртай хүмүүсийнхээ горыг МАН амсаж байна. 

Ер нь энэ Монгол Улсад үндсэн хуулийн байгууллага гэж байгаа юм уу үгүй юм уу. Ард түмэн сонгууль өгөөд, шийдвэр гарга гээд эрх мэдэл өгч байгаа албан тушаалтнууд нь шийдвэрээ гаргаж чадах байгаа юм уу, үгүй юм уу. Энэ шийдвэрийг чинь нэг удганы арын өрөөнд гаргаад байгаа юм биш үү. Шийдвэр гаргагчид нь удганы арын өрөөнөөс биш УИХ-ын танхимаасаа ажилламаар байна. Харалган харанхуй тархиндаа төр болж тоглож байгаа, нэг шийдвэрийг удганы арын өрөөнд очиж гаргадаг. Түүндээ барьцаалагдаад сууж байгаа албан тушаалтнуудаар дүүрчихсэн юм биш үү. Энэ асуудал дээр нээлттэй сонсгол хийх ёстой. 

УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдуудад загнуулдаг хүмүүс биш. УИХ-ын дарга хэлж, анхааруулмаар байна. Намынхаа том фракцыг хараад "гүлдийгээд" сууж байж болохгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна