Ө.Шижир: ТӨК-иудын сүүлийн 10 жилийн төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулна

Zuv.mn
44 минутын өмнө

Ардчилсан нам долоо хоног бүрийн Пүрэв гаригт хийдэг 4/11 мэдээллийн цагаараа “Төрийн өмчийн хулгай ба төсөв” сэдвийн дор хэвлэлийн хурал хийлээ.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Төрийн өмчит компани /ТӨК/ түүний төсөв, зардал, зарцуулалтын талаар хууль тогтоомжийн биелэлтийг сүүлийн 10 жилээр хянах УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг гаргаж байгаа. 

ТӨК 100 их наядын балансын хөрөнгөтэй, гэтэл 2025 онд хийсэн аудитын тайлангаар ТӨК-иас 8.4 их наядын зөрчил илэрсэн асуудал яригдаж байна.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хэдхэн хоногийн өмнө ТӨК-ийн хулгай луйврын талаар мэдэгдсэн. Сүүлийн 10 жил Засгийн газраас гадна ТӨК-ийн төсөв хөрөнгийг хэн захиран зарцуулдаг байсан бэ гэдэг асуудлыг заавал ярих ёстой. Бид зөвхөн улсын төсөв, орон нутгийн төсөв ярьдаг. ТӨК -ийн хөрөнгө гэдэг улсын төсвөөсөө хэд дахин давсан. Гэтэл компанийн хэдхэн захирлын гарын үсгээр, улс төрийн томилгоогоор, даргын гарын үсгээр шийдэгддэг бүтэц байгаад бна.

Ийм учраас сүүлийн 10 жилээр ТӨК-ийн ашиг алдагдал, ямар төсөл санхүүжүүүлсэн юм бэ, түүнийг нягталъя,  Хянан шалгах түр хороо байгулъя, УИХ дээр сонсгол хийе гэж байгаа юм.

ТӨК-д өнөөдөр 70 мянга орчим хүн ажиллаж байна, 2025 онд 1.8 их наяд төгрөгөөр төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн байх жишээтэй. Нийгмийн чанартай төсөл хөтөлбөрийг ТӨК -иар санхүүжүүлдэг. Эргээд ТӨК -иар улс төрийн томилгоо авсан хүмүүс нь улс төрийн намдаа үйлчилдэг гажиг тогтолцоо үүсчихээд байна.

Улс төрийн томилгоогоор томилогдож байгаа ТӨК-ийн захирлын тансаглал, үйл ажиллагааны зардлыг хэн ч тоож хянадаггүй. Аудитын байгууллага 2025 онд төрийн өмчит 96 компани дээр аудит хийхэд 8.4 их наядын зөрчил илэрсэн. 2012 онд Монгол Улсын төсөв 6 их наяд төгрөг байсан, гэтэл ТӨК -ийн зөрчил нь 8.4 их наяд. ТӨК-иар дамжуулж улс төрийн томилгоо хийдэг, улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг, нийгмийн чанартай төсөл хөтөлбөр санхүүжүүлэх нэрээр намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлдэг хэлбэр байна.

ТӨК -ийн захирал нь УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унасан, эсхүл МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүүн, сайд байсан хүн байна.

Тухайлбал, “Эрдэнэс Монгол”-ын захирал 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унасан, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байсан. Бид зөвхөн жишээ авахад ийм байна. Бусад компаниудад ч яг адилхан улс төрийн томилгоо хийгддэг. Энэ томилгооноос татгалзах хэрэгтэй. 

Ийм учраас УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах нь зүйтэй гэж үзэж, өнөөдрөөс УИХ-ын гишүүдээс гарын үсэг зуруулж эхэлж байна гэлээ. 






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.64
    38 минутын өмнө

    Түр хороо байгуулж болно. Болгоно. Гэхдээ тэнд нь хэн ч ажиллахгүй. 1 д боловсрол дутна 2 д сэтгэл гаргахгүй. Ө.Ши байтугай АН д тийм хүчин ядаж үзээд өгье ч гэсэн байхгүй.Тийм учраас ТӨХК ийн захирлуудыг ард нь байгаа хүнийг нь зарлаад л шууд шорон руу. Ок. Монгол хөгжие л дөө

    Хариулах