Capital Markets Mongolia (CMM)-с ИБУИНВУ-ын Лондон хотод (2026.09.15) зохион байгуулсан “Монголын хөрөнгө оруулалтын форум: Лондон 2026” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
Олон улсын 80 гаруй байгууллагын 150 гаруй хөрөнгө оруулагчид, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагуудын зочид төлөөлөгчид болон Монголын банк, санхүү, технологийн салбарын тэргүүлэгч байгууллагуудын төлөөлөл чуулж, Монголын санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжил, мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны салбарын боломжуудын талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөлөө.
Тус форумын “Монголын хувьцааны зах зээлийн шинэ үе” сэдэвт хэсэгт "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат оролцож, Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, сүүлийн жилүүдийн өсөлт, хөрөнгө оруулалтын боломжууд, цаашдын хөгжлийн бодлого, зорилтын талаар танилцуулсан.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй реформын хүрээнд төрийн өмчит компаниудыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон нийтэд нээлттэй болгох арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Мөн форумын үеэр олон улсын хөрөнгө оруулалтын менежментийн компани болох Franklin Templeton-ийн Төв Азийн бүс хариуцсан Гүйцэтгэх захирал Мариус Дан нь Franklin Templeton-ийн Румын болон Узбекистан улс дахь ижил төстэй сангуудыг удирдсан туршлагад тулгуурлан төрийн өмчит компаниудыг хөрөнгө оруулагчдад нээлттэй компани болгох, төрийн өмчит хөрөнгийг мэргэжлийн удирдлагаар хангах, улмаар дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө татах нь Монгол Улсад урт хугацааны институционал хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын үнэ цэнийг өсгөх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх ач холбогдолтойг тэмдэглэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна