Тайланд улсад зохион байгуулагдаж буй "Miss Grand International-XIV" тэмцээнд манай орныг төлөөлж Хятад улсын иргэн Amber Yuhan оролцож байгаа нь шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ асуудалд олны танил хүмүүс дүргүйцлээ илэрхийлээд байгаа юм.
Тухайлбал, топ модель Х.Бадамгэрэл өөрийн цахим хуудаснаа:
Монгол Улсын нэрийг хэн, ямар эрхээр төлөөлж байна вэ?
Та бүхэн постыг хүрэх ёстой газар нь хүртэл түгээж өгнө үү
"Miss Grand International-2026" тэмцээний албан ёсны цахим хуудаст Amber Yuhan нэртэй оролцогчийг “Mongolia” улсын төлөөлөгчөөр бүртгэж, Монгол Улсын төрийн далбаа, “Mongolia” нэр бүхий туузтайгаар олон улсын тэмцээнд оролцуулж байна.
Miss Grand International -Энэ хаяг руу монголчууд шаардлага бичих хэрэгтэй
Гэвч тухайн оролцогч Монгол Улсын иргэн мөн эсэх, Монгол Улсыг төлөөлөх хууль ёсны үндэслэлтэй, ямар сонгон шалгаруулалтаар шалгарсан, Монголын Miss Grand International-ийн лицензийг хэн эзэмшиж байгаа талаар албан ёсны, ил тод мэдээлэл өнөөдрийг хүртэл нийтэд танилцуулаагүй байна.
Иймд би ANDRA Academy-ийн үүсгэн байгуулагч, Монголын гоо сайхан, загварын салбарт 20 гаруй жил ажилласан мэргэжилтэн, 2015 оноос хойш олон улсын тэмцээнд Монголын оролцогчдыг бэлтгэж ирсэн менторын хувьд Miss Grand International байгууллагад албан шаардлага бүхий и-мэйл хүргүүллээ.
Уг шаардлагаар:
• Amber Yuhan-ыг Монгол Улсыг төлөөлүүлэхээр бүртгэсэн албан ёсны болон гэрээний үндэслэлийг нэн даруй ил болгох;
• Түүний иргэншил, оршин суух эрх, Монгол Улстай холбоотой бусад хууль ёсны үндэслэлийг баримтаар нотлох;
• Монголын National Director болон лиценз эзэмшигч байгууллагын нэр, эрхийн хугацаа, хамрах хүрээг нийтэд мэдээлэх;
• Төлөөлөгчийг ямар журмаар, ямар шалгуураар сонгосныг тайлбарлах;
• Шалгалт дуусах хүртэл “Mongolia” нэр, Монгол Улсын төрийн далбаа болон туузыг ашиглуулахыг түр зогсоох;
• Хэрэв Монгол Улсыг төлөөлөх шаардлага хангаагүй, ташаа мэдээлэл өгсөн эсвэл Монголын нэр, төрийн далбааг хууль ёсны үндэслэлгүй ашигласан нь тогтоогдвол “Miss Grand Mongolia 2026” бүртгэлийг нэн даруй цуцалж, “Mongolia” туузыг хураан, холбогдох National Director болон хариуцсан этгээдүүдэд дүрэм, гэрээний дагуу хариуцлага тооцох;
• Монголын ард түмэн болон Монголын гоо сайхан, загварын салбарынханд албан ёсны тайлбар өгч, зөрчил тогтоогдвол залруулга, уучлал нийтлэхийг шаардсан.
Miss Grand International байгууллагаас энэхүү шаардлагыг хүлээн авснаа баталгаажуулж, нотлох баримтын хамт ажлын таван өдрийн дотор албан ёсны бичгээр хариу өгөхийг хүссэн.
Хэрэв заасан хугацаанд хангалттай тайлбар, баримт, залруулах арга хэмжээ ирүүлэхгүй бол Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яам болон холбогдох эрх бүхий байгууллагуудад асуудлыг албан ёсоор хүргүүлж, шалгуулах болно.
Үүний зэрэгцээ Монгол Улсын төр, холбогдох яамд олон улсын гоо бүсгүйн томоохон тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож буй монгол бүсгүйчүүд, мэргэжлийн багуудын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хангалттай хэмжээнд анхаарч, дэмжиж, эрх ашгийг нь хамгаалж ирээгүйг хэлэх ёстой.
Монгол Улсын нэр, төрийн далбаа, үндэсний соёл, тусгаар улсын төлөөллийн эрхийг олон улсын тэмцээнд хэрхэн ашиглах талаар төрийн нэгдсэн бодлого, бүртгэл, хяналт, хариуцлагын тодорхой тогтолцоо дутагдалтай байна.
Энэхүү хамгаалалт, хяналтын сул байдлыг зарим гадаадын зохион байгуулагч болон лиценз эзэмшигчид далимдуулан Монгол Улсын нэрийг дур мэдэн ашиглах, Монголын олон нийтэд мэдээлэл өгөхгүйгээр төлөөлөгч томилох, Монголын мэргэжлийн салбарын байр суурийг үл хүндэтгэх нөхцөл үүсэж болзошгүй байна.
Монголын нэрийг олон улсын тайзан дээр гаргаж байгаа бодит монгол оролцогчид хувийн зардал, багийн хөдөлмөр, байгууллагын дэмжлэгээр эх орноо төлөөлдөг атлаа төрөөс бодитой дэмжлэг, хамгаалалт бараг авдаггүй. Харин нөгөө талд Монгол Улсын нэр, төрийн далбааг хэн, ямар үндэслэлээр ашиглаж байгаад тавих хяналт хангалтгүй хэвээр байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Энэ орон зайг цаашид үл тоомсорлож болохгүй
Холбогдох төрийн байгууллагууд олон улсын гоо бүсгүйн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх эрх, улсын нэр болон төрийн бэлгэдлийн ашиглалт, лиценз эзэмшигчдийн бүртгэл, сонгон шалгаруулалтын ил тод байдлыг зохицуулсан бодлого, хяналтын тогтолцоог нэн даруй бий болгох шаардлагатай.
Энэ бол хэн нэгнийг үндэс угсаа, иргэншлээр нь ялгаварлан гадуурхаж байгаа асуудал биш.
Харин тусгаар тогтносон Монгол Улсын нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн хувь хүн, байгууллага, лиценз эзэмшигч дур мэдэн ашиглаж болохгүй гэсэн зарчмын асуудал юм.
Монгол Улсыг олон улсын тавцанд төлөөлөх хүн хууль ёсны, ил тод, шалгагдсан үндэслэлтэй байх ёстой. “Mongolia” нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрх бол худалдаж, тохиролцож эсвэл хариуцлагагүйгээр шилжүүлж болох маркетингийн хэрэгсэл биш.
Энэ удаагийн асуудлыг зөвхөн нэг тэмцээн, нэг оролцогчийн асуудал болгон өнгөрөөж болохгүй. Монгол Улсын нэр хүнд, соёлын дархлаа, үндэсний төлөөллийн үнэ цэнийг хамгаалах төрийн бодлогын асуудал болгон авч үзэхийг шаардаж байна.
Монгол Улсын нэр бол эзэнгүй нэр биш.
Монгол Улсын төрийн далбаа бол дур мэдэн зүүж болох чимэглэл биш.
Монгол Улсыг төлөөлөх эрх бол хэн нэгний худалдаж авч, дураараа шилжүүлдэг лиценз биш.
Х.Бадамгэрэл
ANDRA Academy-ийн үүсгэн байгуулагч
Монголын гоо сайхан, загварын салбарын мэргэжилтэн
Олон улсын гоо бүсгүйн тэмцээний ментор
Miss Mongolia 2009
Miss International Mongolia 2009
Top Model of Mongolia 2015" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна