-"Miss grand international" тэмцээнд Монголыг төлөөлөх эрхийг манай эрх баригчид өөрсдөө өгдөг үү -
Тайланд улсад болж буй "Miss grand international 2026" гоо бүсгүйн шалгаруулалтад Amber Yuhan гэх эмэгтэй Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсан билээ. Тэгвэл бид яг энэ шалгаруулалтад 2022 онд Монгол Улсыг манай улсын иргэн эсэх нь эргэлзээтэй бас нэгэн эмэгтэй төлөөлөн оролцож байсан талаарх мэдээллийг хүргэж байна.
Елена Егорова бол энэ жил 29 настай, Дубайд амьдардаг, якут гаралтай ОХУ-ын загвар өмсөгч, модель, жүжигчин. Өнгөрсөн жил “Ертөнцийн мисс” шалгаруулалтад Серб улсыг төлөөлөхөөр болж шуугиан тарьж байсан энэ бүсгүй 2022 онд "Miss grand international" шалгаруулалтад Монголыг төлөөлжээ.
Еленагийн эцэг, эх нь 40 жилийн өмнө Монголоос ОХУ рхуу нүүж суурьшсан гэнэ.
Тэрбээр өнгөрсөн жил Сербийг “Ертөнцийн мисс” шалгаруулалтад төлөөлөхөөр болоход Серб төдийгүй ОХУ-д шуугиан дэгдсэн.
Үндэсний ялагч тодорсны дараа Сербийн олон нийтийн сүлжээнд “Сербд үзэсгэлэнтэй жинхэнэ серб бүсгүй олон бий”, “Сербүүд нь өөрсдөө эсэргүүцээд байхад энэ хүүхэн “Ертөнцийн мисс”-т явахаар болчихлоо. Юу болоод байна вэ” гэх зэргээр сэтгэгдлээ үлдээсэн байна.

Елена Егорова хэвлэлийнхний анхааралд анх удаа өртөж байгаа юм биш. 2022 онд серб гаралтай тэрбумтан Мойше Мантай холбон цуурч байжээ. Тухайн үед папарацци мөрдөж мөшгөн, хуурамчаар үйлдсэн нүцгэн зургийг нь дэлгэнэ гэж шатаажилж, юм, юм л болж байсан аж.

29 настай энэ бүсгүй мөн жүжигчин бөгөөд найруулагч Дмитрий Давыдовын бүтээлд тогложээ.

Хамгийн сонирхолтой нь, Елена "Miss Grand international 2022" шалгаруулалтын өмнө олон нийтийн сүлжээнд “Би “Miss Grand International 2022” шалгаруулалтад Монголыг төлөөлөн, оролцох боллоо. Энэ тэмцээнд оролцохыг дөрвөн жилийн өмнөөс мөрөөдөж байсан юм. Ийм боломж олгосонд баярлалаа” гэж бичсэн бол тэмцээний танилцуулгад тэрээр “Би Оросын хойд хэсэгт, жилийн есөн сар нь өвөл байдаг газар амьдардаг. Манай аав, ээж 40 жилийн өмнө Монголоос Орост ирсэн. Тийм болохоор би Монгол Улсыг төлөөлж байгаа” гэж ярьж байжээ.
Өөрөөр хэлбэл, түүнд шалгаруулалтад Монголыг төлөөлөх эрхийг хэн нэгэн олгосон гэсэн байх бөгөөд хүн, байгууллагын нэр дурдаагүй нь анхаарал татаж байгаа юм.
Сонирхуулахад, Елена Егорвагийн талаар хиймэл оюун ухаанаас "Елена Егорова ямар, ямар улсын иргэншил авч байсан бэ", “Miss Grand International 2022” шалгаруулалтад Монголыг төлөөлөхдөө Монголын иргэншилтэй байсан уу" гэж асуухад "Тийм ээ. Тэр Монголын паспорттой байсан. Тэр бас давхар ОХУ-ын паспорттай байсан" гэж хариулсан бөгөөд "Монгол Улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэр Монгол, ОХУ-ыг пасспортыг зэрэг эзэмшиж, олон улсын шалгаруулалтад оролцож байсны учир юу вэ" гэж асуухад "Тийм ээ. Түүнд ОХУ, Сербийн иргэний пасспорт л бий. Гоо сайхны тэмцээнд оролцоход паспорт үргэлж шаардлагатай байдаггүй. Олон улсын шалгаруулалтууд (жишээлбэл, "Miss Grand International") нь тухайн улсыг төлөөлөхийг тухайн үндэс угсаа, оршин суух зөвшөөрөл эсвэл тухайн үндэстэнтэй соёлын хүчтэй холбоотой гэдгээ нотолсон оролцогчдод зөвшөөрдөг. 2022 онд тэрээр өөрийгөө Монголын ард түмний төлөөлөгч гэж тодорхойлж, "Miss Grand international" тэмцээнд оролцсон. Хууль эрх зүйн хувьд энэ нь тэр Монголын хуулийг тойрч, автоматаар Монголын паспорт авсан гэсэн үг биш юм" гэж хариулж байна.
"Miss Grand international" шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлж оролцсон гоо бүсгүйчүүд
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна