Дүнжингаравын дэлбэрэлт гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байсан жолооч Ч.Ренчиндоржид холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр боллоо.
Тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болов. Бид та бүхэнд шүүгийн бичсэн тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
"Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Нийслэлийн Прокурорын газраас тус гэмт хэрэгт холбогдогч Ч.Р-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус тойргийн шүүхэд ирүүлсэн.
Шүүх хэргийг хүлээн авч, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагч болон иргэний хариуцагч нарын өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хуралдаанаар хэлэлцэх явцад тус гэмт хэрэгт холбогдогчийг зөвхөн бусдыг амь нас, эрүүл мэндээр хохироосон үйлдэлд нь яллагдагчаар татсан бөгөөд бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар буруутгаж байгаа нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл дэлбэрэлтийн улмаас шатсан гэх 207-р байрны оршин суугчдыг хохирогчоор тогтоохдоо Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн хохирогч болохыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоогоогүй байна.
Мөн тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/3222 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан зарим ажиллагаа бүрэн хийгдээгүй, тодруулбал гал түймрийн улмаас шатсан барилгыг улсын комисс ашиглалтад хүлээж авахдаа Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан шаардлага хангасан барилга хүлээж авсан эсэх талаар шаардлагатай ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй байна.
Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсон байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв"
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна