Хүрэн баавгай Сэлэнгэ аймгийн 10 суманд 36 нэр бүхий газарт 86 удаа үзэгдэж 162 толгой мал барьж идсэн тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан Аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу аймгийн Байгаль орчны газраас ахлаж Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газартай хамтарсан шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсэг дуудлага мэдээллийн дагуу нэн шаардлагатай байгаа Жавхлант, Хүдэр сум Бугант тосгонд газар дээр нь ажиллаж шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн өгсөн мэдээллээр, Онцгой байдлын шуурхай баг газар дээр нь ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Яаралтай баг бүрэлдэхүүн гарсан тул одоогоор нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Албаны эх сурвалжийн мэдээллээр, ан амьтад өвлийн ичээндээ орохын өмнө идэш тэжээлээ нөөцлөхтэй холбоотойгоор сүүлийн үед баавгай зэрэг амьтад суурьшлын бүс болон малын бэлчээрт үзэгдэх тохиолдол нэмэгджээ.
Иймд иргэдийг мал сүргээ хараа хяналттай байлгах, баавгай үзэгдсэн тохиолдолд өөрсдөө хөөж туух, ойртохгүйгээр холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна