Г.Дамдинням: Энэ сард 78,000 тонн шатахуун авах гэрээ хийгдсэн

Х.Батсайхан
1 цаг 7 минутын өмнө

Аж, үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Шатахууны шуурхай штабын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, “Манай улс сардаа 75 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг. Наймдугаар сард 54 мянган тонн орчмыг, есдүгээр сард 62 мянган тонныг оруулж ирсэн. Орж ирэх хэмжээ багассантай холбоотойгоор нийлүүлэлт хангагдахгүй шок үргэлжилсэн байдалтай байна. 

Манай шатахууны 97 хувийг хангадаг ОХУ-ын 34 нефть боловсруулах үйлдвэрийн 24 нь 1-ээс дээш удаа бөмбөгдөлтөд өртсөн. Бидний авдаг үйлдвэр сардаа 70 мянган тонныг өгдөг байсан бол одоо сард 54-55 мянган тонныг л өгч байна. Аравдугаар сард БНХАУ-аас авах бензиний хэмжээгээ нэмэгдүүлж 78 мянган тонныг авахаар одоогийн байдлаар гэрээ хийгдсэн. Тимээс байдал сайжрах болов уу гэсэн хүлээлт байна. 

Улсын хэмжээнд шатахууны нөөцийн  сав муу. Энэ жилдээ 150 мянган тонноор нөөцийн савны хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Ингэснээр энгийн хэрэглээний 45 хоногийн нөөцөө хадгалах боломжтой болно. 

Улаанбаатар хотын хэрэглээ өдөртөө 1000 орчим тонн байсан бол 1700-1800 тонн болж нэмэгдсэнээс  шок нь арилахгүй байна. Ойрын хэд хоногоос намжина. Дэлхийн геополитикийн байдал тодорхойгүй байгаа учраас дараагийн сард яахыг бид тааж мэдэхгүй. 

Хятад, Сингапур, Беларус улс руу очиж ажиллана. Ний нуугүй хэлэхэд, хүссэний хэмжээгээр биш гэхэд бензинийг боломжит хэмжээгээр, 1000, 1000 тонн гэхгүй олж ирж байгаа” гэв.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна