Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Х.Батсайхан
43 минутын өмнө

Жүдо бөхийн энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны Баку хотноо өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн ДАШТ-д дэлхийн зургаан тивийн 93 улсын 622 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилал, холимог багийн төрөлд дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөнө.

Өнөөдөр уламжлал ёсоор эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингийн тэмцээн болох хуваарьтай.

Баку Улаанбаатар дөрвөн цагийн зөрүүтэй, хэсгийн барилдаанууд орон нутгийн цагаар 11.30 цагт /Улаанбаатарын цагаар 15.30 цаг/, шигшээ барилдаанууд 18.00 цагаас /Улаанбаатарын цагаар 22.00 цаг/ эхэлнэ.

Тэмцээний сугалаа өчигдөр явагдсан. Өнөөдөр барилдах тамирчдынхаа оноолтыг танилцууля.

60 кг

ОУХМ Т.Түмэнжаргал D хэсгийн эхний тойрогт Узбекистаны Бахром Ботуровтой таарсан. Түүнийг ялбал Азербайжаны Ахмад Юсифовтой барилдана.  

ОУХМ Б.Сүхбат С хэсгийн эхний тойрогт Украины Артем Лесиуктай таарсан. Түүнийг ялбал БНХАУ-ын Сун Жиахаотай барилдана. Ялбал Японы бөх, дэлхийн аварга Р.Нагаяматай шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдах төлөвтэй байна.

48 кг

ОУХМ Ж.Анударь А хэсэгт эхний тойрогт хийлэх, улмаар Бразилийн Кларис Риберотой 1/16 шигшээд таарах сугалаа татжээ. Бразилийг аргалчихвал Парагвайн Габриэла Нарваэс, Энэтхэгийн Асмита Деу нарын ялсантай нь шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдахаар байна. 

ОУХМ Б.Баасанхүү С хэсэгт эхний тойрогт хийлсэн. Ялбал Казахстаны Галия Тынбаева, Тайванийн Лин Чен Хао нарын ялсантай 1/16 шигшээд барилдана. Ялаад гараад ирвэл Кубын шилдэг бөх, одоо АНУ-ын нэрийн өмнөөс барилдаж буй Мариа Сели Лаборде, Шведийн шилдэг залуу бөх Тара Бабулфат нарын ялсантай шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна