МСНЭ: Сэтгүүлчийг цагдан хорьсныг эрс эсэргүүцэж байна

Zuv.mn
1 цаг 20 минутын өмнө

Сэтгүүлч Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай цагдан хорьсонтой холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс /МСНЭ/ мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Сэтгүүлч Т.Шинэбаярыг 2026 оны аравдугаар сарын 9-ний шөнө цагдан хорьсныг эрс эсэргүүцэж, холбогдох байгууллагуудаас нэн даруй хариу тайлбар шаардаж байна. Чөлөөт хэвлэлтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, олон нийтийн мэдэх эрх нь ардчилсан нийгмийн үндсэн баталгаа юм. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээг үндэслэлгүйгээр хэрэглэх, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хориг саад учруулах, хорьж цагдах байдлаар айдас, дарамт бий болгохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. МСНЭ дараах шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна.

  • Сэтгүүлч Т.Шинэбаярыг цагдан хорьсон хууль зүйн үндэслэл, нөхцөл байдлыг нэн даруй ил тод мэдээлэх;
  • Цагдан хорих арга хэмжээний хууль ёсны үндэслэл, зайлшгүй шаардлагыг яаралтай хянан үзэж, үргэлжлүүлэн хорих үндэслэлгүй бол нэн даруй суллах;
  • Түүний өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах болон хуульд заасан бусад эрхийг бүрэн хангах;
  • Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг шалгахдаа хууль дээдлэх, хараат бус, шударга байх зарчмыг чанд мөрдөж, хэвлэлийн эрх чөлөөнд халдахгүй байх.

Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгний олгож, хурааж авдаг эрх биш. МСНЭ сэтгүүлч Т.Шинэбаярын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад шаардлага тавьж ажиллах болно" гэжээ.

Сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдах үйлдэлтэй бид эвлэрэхгүй!

Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалъя!

Хууль ёс, шударга ёсыг чанд сахиулъя!



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.16.125
    2 минутын өмнө

    Эхлээд сэтгүүл зүйн ёс суртахууний хичээлийг сэтгүүлч нартаа заа тэгээд хуц

    Хариулах