Оюутолгой компаниас Монголын талд ногдол ашиг хэлбэрээр гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцоолж буйтай холбоотойгоор уг хөрөнгийг хэрхэн зарцуулах асуудал хөндөгдөж байна. Засгийн газар ногдол ашгийн хоёр их наяд төгрөгийг улсын төсөвт, нэг их наяд төгрөгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Улмаар төсвийн хөрөнгийг эрчим хүч, боловсрол, үйлдвэрлэл, дэд бүтцийн төслүүдэд зарцуулахаар тусгасан байна.
Гэвч байгалийн баялгаас бий болсон орлогыг улсын төсвөөр дамжуулан нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах уу, эсвэл Үндсэн хуульд заасан зарчмын дагуу иргэдэд ногдох өгөөжийг нэмэгдүүлж, баялгийн санд төвлөрүүлэх үү гэдэг асуудлаар өөр байр суурь илэрхийлж байна.
Сангийн сайд З.Мэндсайхан эдийн засгийг уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос хамаарал багатай болгож, төрөлжүүлэхийн тулд суурь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн ногдол ашиг бол ард түмний өмчөөс бий болсон өгөөж учраас зарцуулалтын талаар иргэдийн саналыг авч, Үндсэн хуулийн зарчмыг баримтлах ёстой гэж байр сууриа илэрхийлж буй.
Сангийн сайд З.Мэндсайхан: Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд суурь дэд бүтцийн асуудлаа шийдэх ёстой
“Уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэх нь Засгийн газрын баримталж буй чухал бодлого. Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд экспортоо нэмэгдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүнээ өсгөх, боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудаа цаашид дэмжих шаардлагатай.
Гэвч өнөөдөр уул уурхай, эрчим хүчний салбарт, тэр дундаа суурь дэд бүтцийн асуудал тулгамдаж байна. Үүнийг та бүхэн бүгд мэдэж байгаа. Тиймээс Оюутолгойн ногдол ашгаас улсын төсөвт төвлөрүүлэх хоёр их наяд төгрөгөөр эрчим хүч, дулааны асуудлаа шийдвэрлэхээр 2027 оны төсөвт тусган УИХ-д өргөн мэдүүлсэн.
Суурь дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэсний дараа эдийн засгаа тэлж, цаашид улам төрөлжүүлэх боломжийн үндсийг тавина гэж үзэж байгаа” гэв.
2027 оны төсөвт суулгасан хоёр их наядыг тодруулбал:
Боловсрол
Боловсролын салбарт Оюутолгойн ногдол ашгаас орж ирж буй мөнгөний 29 хувийг зарцуулна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний системд холбогдсон, олон улсын хөтөлбөртэй, ногоон, ухаалаг 100 сургууль барина. Мөн бүсийн төрөлжсөн ахлах сургуулийн 18 дотуур байр барихад 257 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан.
Эрчим хүч
Улсын төсөвт эрчим хүчний салбарт 3,982 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 79 төслийг санхүүжүүлэх бөгөөд ирэх онд 1,4 их наяд төгрөгөөр санхүүжих аж. Эндээс Оюутолгойн ногдол ашгаас 263 мбт-ын хүчин чадал бүхий есөн аймгийн дулааны станцыг санхүүжүүлнэ.
Үйлдвэрлэл
Дараах дөрвөн төслийг Оюутолгойн ногдол ашгаас санхүүжүүлнэ:
Боомт
Хавирга хилийн боомтын 35 кВ-ын 1 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, Бургастай хилийн боомтын 35 кВын 1 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл - 14 тэрбум
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Оюутолгойн ногдол ашгийг зарцуулахдаа ард түмнээс асуух ёстой
“Үндсэн хуулийн 6.2-т 2019 онд маш ойлгомжтой заалт оруулсан. Монгол Улсад сүүлийн 36 жилийн хугацаанд улс төрд үүссэн томоохон асуудал, хулгай, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой маргаанууд байгалийн баялаг, тэр дундаа стратегийн ордуудыг тойрсон байдаг. Харин байгалийн баялгаас ард түмэнд ирсэн өгөөж үнэнийг хэлэхэд дэндүү чамлалттай байна. Ард иргэдийн бухимдлыг ойлгохын тулд үүнийг ойлгох ёстой.
Тиймээс Үндсэн хуулийн 6.2-т заасан стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглахдаа нийт өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмын дагуу Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үедээ шударга, тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмыг баримтлах ёстой.
Өнөөдөр бидний баталж буй төсөв, баялгийн сангийн хуваарилалт, Оюутолгойн гурван их наяд төгрөгийн ногдол ашиг гээд бүгд Үндсэн хуулийн энэ зарчимд нийцэх ёстой. Гэтэл Оюутолгойгоос 17 жилийн дараа анх удаа авч буй ногдол ашгийн гуравны хоёрыг улсын төсөвт хуваарилахаар оруулж ирж байна. Ингэхдээ төсвийн хуваарилалтаар олон төрлийн төсөл, хөтөлбөрт зарцуулна гэж байгаа юм.
Нэг жишээ хэлье. “Эрдэнэс Тавантолгой”-н 1,072 хувьцааг иргэдэд эзэмшүүлснээс хойш олон жил өнгөрсөн ч иргэдэд олгосон ногдол ашгийн нийт хэмжээ гурван их наяд төгрөгт хүрээгүй. Гэтэл Оюутолгойгоос 2026 онд авах ногдол ашиг дангаараа үүнээс давсан хэмжээтэй байна. Ийм том хэмжээний хөрөнгийн хуваарилалтын талаар өнөөдөр ярьж байгаа юм.
Тэгэхээр ард түмний өмчөөс бий болсон ногдол ашгийг зарцуулахдаа ард түмнээсээ асуух хэрэгтэй. Иргэдийн саналыг авахгүйгээр өөрсдөө дур мэдэн тэдний өмчийн өгөөжийг захиран зарцуулж болохгүй.
Сарын өмнө бил үү, Сангийн сайд Мэндсайхан байсан уу, Дамдинням сайд байсан уу, Оюутолгойн ногдол ашгийг зарцуулахдаа ард түмнээс асууна гэж ярьж байсан. Тэр амлалт хаана байна вэ? Мэндсайхан сайд иргэдээсээ асуух хэрэгтэй. Энэ бол тэдний өмчөөс бий болсон хөрөнгө шүү дээ.
Олон үйл явдал, тэмцлийн дараа, 17 жилийн хугацаанд үр дүнгүй явж ирсний эцэст энэ гурван их наяд төгрөгийн ногдол ашиг бий болж байна. Тиймээс иргэдээс санал асуулга авч, хөрөнгийг хэрхэн хуваарилахыг шийдэх ёстой. Хэрэв ард түмэн гурван их наяд төгрөгийн гуравны хоёрыг улсын төсөвт, гуравны нэгийг хуримтлалын санд хуваарилъя гэж шийдвэл би энэ асуудлаар дахин эсэргүүцэхгүй. Ард түмэн юу гэж шийднэ, түүнийг л хэрэгжүүлэх ёстой.
Ийм учраас 2027 оны төсөв батлагдахаас өмнө Засгийн газар ард түмнээсээ асууна гэсэн амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Энэ бол ард түмний өмчөөс бий болсон, олон жилийн дараа ирж буй гурван их наяд төгрөгийн ногдол ашиг. Үүнийг зөв зарцуулж чадвал дараагийн ногдол ашгуудыг ард түмэнд шударгаар хүртээх боломжийн үүд хаалга нээгдэнэ. Миний бодлоор хамгийн түрүүнд хийх ёстой зөв алхам бол энэ юм” гэв.
Оюутолгойн ногдол ашгийн гурван их наяд төгрөгийг хэрхэн хуваарилах асуудал нь зөвхөн төсвийн зарцуулалтын тухай биш, байгалийн баялгийн өгөөжийг өнөө болон ирээдүй үеийнхэнд хэрхэн хүртээх тухай маргаан болж байна. Нэг талд эрчим хүч, дулаан, боловсрол, үйлдвэрлэл, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаар эдийн засгийн өсөлтийн суурийг бэхжүүлэх шаардлага тавигдаж байгаа бол нөгөө талд иргэдийн өмчөөс бий болсон өгөөжийг хуваарилахдаа Үндсэн хуулийн зарчмыг баримталж, олон нийтийн оролцоог хангах ёстой гэсэн байр суурь байна.
Эдгээр байр суурийн аль нь хэрэгжихээс үл хамааран хөрөнгийн зарцуулалт ил тод, хариуцлагатай байж, бодит үр өгөөж нь иргэдэд хэрхэн хүрэх нь чухал. Түүнчлэн улсын төсөвт төвлөрүүлэх болон Үндэсний баялгийн санд хуримтлуулах хөрөнгийн харьцааг ямар үндэслэлээр тогтоох, гаргасан шийдвэрийн үр дүнг хэрхэн хэмжих асуудал анхаарал татаж байна. Эцсийн дүндээ Оюутолгойн ногдол ашгийн зарцуулалт нь байгалийн баялгийн өгөөжийг шударга, үр ашигтай хуваарилах урт хугацааны бодлогын нэг шалгуур болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна