Монгол Улс Оюутолгой төслөөс 2026 оны үйл ажиллагааны орлогоос ирэх жилээс эхлэн ногдол ашиг авахаар тооцоолж, их хэмжээний мөнгө улсын төсөвт суулгасан билээ.
Гэвч Монголын тал ТУЗ-д хүчгүй, компанийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй хэвээр байгаа. Тодруулбал, Засгийн газар менежментын төлбөрийг багасгасан ч зарчмыг өөрчилж чадаагүй. Менежментын төлбөр зардалд суурилсан хэвээр, энэ нь төслийн 66 хувийг эзэмшигч “Рио Тинто”-гийн зүгээс зардал өсгөх хуучин арга барилаа хэвээр үргэлжлүүлэх боломжтой хэвээр гэсэн үг. Энэ нь нөгөө талдаа хувь эзэмшигчдэд хуваарилах ногдол ашгийн хэмжээ багасна гэсэн үг.
Тэгвэл энэ эрсдэл бодит болсон тохиолдолд баримжаа болгох ач холбогдолтой, мөн Онтрэгээс хүртэх хувь хэмжээг багцаалдахад хэрэгтэй маш чухал үгс “Онтрэ” ХХК-ийн толгой компани “Entrée resources”-ын гүйцэтгэх захирал Крис Адамсын өнгөрсөн сарын 28-нд компанийнхаа албан ёсны цахим хуудаст нийтэлсэн “Хувьцаа эзэмшигчдэдээ хүргэх захидал”-д дурдагджээ.
Крис Адамс захидалдаа “Онтрэ”-гийн лицензит Оюутолгой нь олборлолтын зардлаараа дэлхийн зэсийн уурхайнуудаас хамгийн бага зардалтай 25 хувьд нь багтана гэсэн байсан юм.
Бүр тодруулбал, Оюу Толгой олборлолтоо нэмэгдүүлсээр, дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болохын зэрэгцээ үйл ажиллагааны зардлаараа дэлхийн хамгийн бага зардалтай уурхайнуудын доод дөрөвний нэгт багтах төлөвтэй байна. Мөн их хэмжээний алт дагалдах бүтээгдэхүүн хэлбэрээр гаргана” гэсэн байсан юм.
Хэмжээгээрээ дэлхийн эхний топ 4-т багтана гэдэг нь багадаа 500,000 тонн зэс олборлоно гэсэн үг бөгөөд хамгийн бага зардалтай уурхайнуудын доод талын 25 хувьд багтсан гэдэг нь уурхайн ашигт ажиллагаа, ажилчдын цалин хангамж, нийгмийн хариуцлага зэрэгт зарцуулж буй хөрөнгө жишиг уурхайнуудтай харьцуулахад ямар байгаа талаарх баримжааг өгөх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна