"Монголын хөрөнгийн бирж" ХХК-ийн үндсэн үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Х.Есү
42 минутын өмнө

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2026 оны 3 дугаар улирлын байдлаар дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжил, тэлэлт, тогтвортой өсөлтийг дэмжихийн зэрэгцээ олон улсын зах зээлтэй холбогдох боломжийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үндэсний компаниудын олон улсын зах зээлд гарах суурийг бүрдүүлэх чиглэлээр “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн, шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, технологийн хувьд найдвартай ажиллагааг бэхжүүлэх, системийн шинэчлэл хийх, олон улсын хөрөнгө оруулагчдад нээлттэй зах зээл бий болгох чиглэлд идэвхийлэн ажиллалаа.

Үүний үр дүнд үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний нийт арилжаа 12.9 их наяд төгрөг, өдрийн дундаж арилжаа 70.5 тэрбум төгрөгт хүрсэн. Тухайлбал;

Үнэт цаас:

  • TOP-20 индекс 49,327.20 нэгжээс 66,841.35 нэгж болж, 17,514.15 нэгжээр буюу 35.51%-иар өссөн.

  • Зах зээлийн үнэлгээ: Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 13.17 их наяд төгрөгөөс 16.67 их наяд төгрөг болж, 3.50 их наяд төгрөгөөр буюу 26.61%-иар нэмэгджээ.

  • Зах зээл үүсгэгчийн тогтолцоог шинэчилж, market making үйл ажиллагаа болон шорт арилжаа, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх орчныг бүрдүүлэх ажлыг эхлүүлж, ETF болон шинэ индексэд суурилсан бүтээгдэхүүн гаргах зохицуулалтыг шинэчилсэн.

  • Future Tech Innovation болон Gold Trust ETF-ийн арилжааг эхлүүлж, TOP-20 ETF, ногдол ашгийн индекс, бондын индексэд суурилсан бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэх суурийг тавьсан.

  • Үнэт цаас гаргагчдын мэдээллийг илүү шуурхай, нээлттэй болгох open.mse.mn системийг нэвтрүүлж, mse.mn сайтыг хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч, арилжаа эрхлэгчдэд илүү хүртээмжтэй болгон шинэчилсэн.

  • Лондонгийн хөрөнгийн бирж групп болон ҮЦТХТ-тэй хамтран “Монголын хөрөнгийн зах зээл 2.0” хөтөлбөрийг зарлаж, арилжааны технологийн шинэчлэл, бүртгэлтэй компаниудын давхар бүртгэл болон олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх урт хугацааны ажлын суурийг тавьж ажиллалаа.

  • Хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтээс бондын арилжаа хамгийн өндөр өсөлттэй гарч, 2026 онд 829.29 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 640.40 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ нь бондын арилжааны үнийн дүн 4.39 дахин өссөнийг харуулж байна.

  • Засгийн газрын үнэт цаасны арилжаа 92.11%-иар өсөж, 186.30 тэрбум төгрөгт хүрсэн бол хувьцааны арилжаа 47.63%-иар нэмэгдэж, 212.87 тэрбум төгрөг болсон байна. Эдгээр өсөлт нь бонд болон хувьцааны зах зээлийн арилжааны идэвх өмнөх оны мөн үеэс нэмэгдсэнийг илтгэж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүн:

  • Нүүрсний арилжааны үнийн дүн 3,044.4 тэрбум төгрөгөөс 9,776.7 тэрбум төгрөг болж, 6,732.3 тэрбум төгрөгөөр буюу 221.1%-иар өссөн байна. Арилжсан хэмжээ 12.54 сая тонноос 26.49 сая тонн болж нэмэгджээ. Ийнхүү нүүрсний арилжааны үнийн дүн болон биет хэмжээ хоёулаа өссөн нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны нийт өсөлтөд нүүрс голлон нөлөөлснийг харуулж байна.

  • Төмрийн арилжааны үнийн дүн 902.3 тэрбум төгрөгөөс 942.3 тэрбум төгрөг болж, 4.4%-иар өссөн. Харин арилжсан хэмжээ 4.15 сая тонноос 4.14 сая тонн болж ялимгүй буурсан байна. 

  • Зэсийн арилжааны үнийн дүн 248.6 тэрбум төгрөгөөс 742.9 тэрбум төгрөг болж, 198.9%-иар өссөн бол арилжсан хэмжээ 35.0 мянган тонноос 70.0 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ. Энэ нь зэсийн арилжааны биет хэмжээ болон үнийн дүн аль аль нь өссөнийг харуулж байна.

  • 2026 оны 3 дугаар улиралд уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын 44%-c багагүй молибдены агуулгатай баяжмалыг шинээр бүртгэн, арилжаалж эхэлсэн бөгөөд 1.08 мянган тонн бүтээгдэхүүнийг 119.2 тэрбум төгрөгөөр арилжсан. Дуудлага худалдаагаар арилжсан молибдены баяжмалын үнэ дунджаар 20.6 хувиар өссөн бөгөөд үүний үр дүнд худалдагч компани 20.39 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна. 

Дээрх үзүүлэлтүүдийн үр дүнд 2026 оны 3-р улирлын эцэст "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн нийт орлого хүлээгдэж буй гүйцэтгэлээр 44.5 тэрбум, цэвэр ашиг 37.4 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 86.2 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна